Франц улс Палестиныг хүлээн зөвшөөрөв
Өчигдөр болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрснөө албан ёсоор мэдэгдэв. Өмнөх өдөр нь Их Британи, Канад, Австрали, Португал улс Палестиныг хүлээн зөвшөөрсний дараа Франц улс ийнхүү мөн ийм алхам хийлээ. Франц, Саудын Арабын хамтран зохион байгуулсан "Хоёр төрийн шийдэл" сэдэвт дээд түвшний уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Э.Макрон "Өнөөдөр Франц Палестин улсыг хүлээн зөвшөөрч байна. Ингэх цаг нэгэнт болсон" гэж мэдэгдэв. Улмаар "Бид Израиль, Палестин хоёр улсын энх тайвнаар зэрэгцэн орших боломжийг бий болгоход чадах бүхнээ хийх болно" гэсэн байна. Францын араас Мальта, Монако, Люксембург, Бельги улсууд мөн дээрх уриалгыг дагажээ. Энэхүү алхам нь АНУ болон Израилийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байгаа бөгөөд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт "Ерөнхийлөгч Д.Трамп энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа маш тодорхой илэрхийлсэн. Энэ нь барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөх, дайныг зогсооход ямар ч алхам хийхгүй байгаа ХАМАС бүлэглэлд ашигтай юм" гэжээ. Мөн НҮБ-д суугаа Израилийн элчин сайд Дэнни Данон сэтгүүлчдэд “дипломат ажиллагаа биш цирк" гэж хэлсэн байна. Харин Палестины талаас Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас цахимаар уулзалтад оролцож, тус улсыг НҮБ-д элсэхэд дэмжлэг үзүүлэхийг уриалаад, Палестины ирээдүйн засгийн газарт ХАМАС ямар ч үүрэг гүйцэтгэхгүй гэдгийг онцлон тэмдэглэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







