Япон: Абэ Шинзог хөнөөсөн эр шашны хүчирхийллээс болж ийм хэрэг өдүүлсэн хэмээн мэдүүлжээ
2022 оны долоодугаар сард Японы ерөнхий сайд асан Абэ Шинзогийн амийг хөнөөсөн Тэцүя Ямагамигийн анхны шүүх хурал ирэх сард болно. Харин түүний өмгөөлөгчид шүүх хурлаар Т.Ямагамиг шашны хүчирхийлэлд өртсөн гэх үндэслэл гарган тавихаар төлөвлөж байгаа тухай "The Asahi Shimbun" сонин мэдээлэв. Т.Ямагамигийн хэрэг улс төрийн халдлага биш, харин ээж нь “Дэлхийн энх тайван, нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо” гэх шашны байгууллагын гишүүн байж, сурталд нь гүн итгэдэг байсан явдал гэр бүлд нь санхүүгийн хүндрэл учруулж, үүнээс улбаалан хүү нь шашны бүлэглэлд дургүйцэх болсныг өмгөөлөгчид онцолж байгаа ажээ. Т.Ямагамигийн ээж хүүгээ бага сургуульд байхад дээрх байгууллагад элсэж, нөхрийнхөө үхлийн даатгалын мөнгийг оролцуулаад ойролцоогоор 100 сая иенийг тус бүлэглэлд хандивласан гэх бөгөөд үүнээс болж хүү нь их сургуульд суралцаж чадаагүй гэнэ. Цагдаагийн мөрдөн байцаалтын явцад Т.Ямагами "Шашны хандиваас хандивын хооронд явсаар миний амьдрал сүйрсэн. Би шашны дэглэмийг жигшдэг тул энэ бүлэглэлтэй гүнзгий холбоотой явж ирсэн Абэ Шинзог хороосон” гэж мэдүүлжээ. Өмгөөлөх багийнхан мөн үүнийг онцлон дурдаж, энэ асуудлаар дүн шинжилгээ хийж өгөхийг шашин судлаач эрдэмтнээс хүсчээ. Эрдэмтэн Т.Ямагамигийн ээж нь хүүгийнхээ сургалтын төлбөрийг хүртэл хандивт өгсөн төдийгүй шашны үйл ажиллагаа явуулахаар Өмнөд Солонгос руу явахдаа хүүгээ ганцааранг нь орхиж байсан зэргийг дурдаад, шашны итгэл үнэмшлээр хүүхдийг хүчирхийлсэн, эцэг эхийн үүрэгтээ хайнга хандсан гэж дүгнэсэн байна. Энэхүү дүн шинжилгээнд үндэслэн өмгөөллийн баг Т.Ямагамийг шашны хүчирхийллийн улмаас сэтгэл санаа нь цочирдон давчидсан, үүнээсээ болж, тус шашны бүлэглэлийг дэмжиж, баяр хүргэсэн захидал, видео мессеж илгээсэн Абэ Шинзог хороосон хэмээн үзэж байгаа аж. Хэргийн анхан шатны шүүх хурал Нара хотын дүүргийн шүүхэд ирэх сарын 28-ны өдөр болно. Ерөнхий сайд асан Абэ Шинзог гурван жилийн өмнө Нара хотод сонгуулийн кампанит ажил өрнүүлэн сонгогчидтой уулзалт хийж байхад нь буудаж хөнөөсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







