Их Британи: Виржиниа Вүүлфийн хэвлэгдээгүй зохиолын гар бичмэл олджээ

Их Британи: Виржиниа Вүүлфийн хэвлэгдээгүй зохиолын гар бичмэл олджээ


   Өвөрмөц уран бүтээлээрээ дэлхийн утга зохиолд мөнхөрсөн Их Британийн зохиолч эмэгтэй Виржиниа Вүүлф (1882-1941)-ийн романы хэвлэгдээгүй гар бичмэлийг олжээ. "Тelegraph" сонины мэдээлснээр, түүний 1907 онд бичиж дуусгасан гурван өгүүллэгийн түүвэр "Life of Violet" ирэх сарын 7-нд хэвлэгдэнэ. Үлэмж биет эмэгтэйн тухай гардаг, хошин төрлийн уг зохиол нь В.Вүүлфийн хамгийн алдартай зохиол болох "The Voyage Out"-аас найман жилийн өмнө бичигджээ. Уг гар бичмэлийг В.Вүүлфийн намтар, зохиол судлаач, Теннессигийн их сургуулийн профессор Урмила Сешагири Их Британийн Уорминстерийн ойролцоох эртний язгууртны гэрээс олсон бөгөөд нэгэн цагт В.Вүүлфтэй дотно нөхөрлөж явсан язгууртан айлын үр хүүхдүүд одоо ч тэндээ амьдарсаар байгаа гэнэ. Зохиолч эмэгтэйн 25 настайдаа бичсэн энэ зохиолын гол дүр Викториа болон түүний найзууд "Өөрийн гэсэн орон гэртэй болохсон" хэмээн хэлж буй дүрслэл нь түүний 1929 онд бичсэн "A Room of One's Own" нэртэй эсээнд гардаг болохыг судлаачид тогтоожээ. Тэрбээр энэ зохиолоо яагаад хэвлүүлээгүй нь тодорхойгүй юм. Профессор У.Сешагири “В.Вүүлф зөвхөн гунигтай, харанхуй сэдвийг хөнддөг байсан гэх ойлголт өрөөсгөл. Энэ бүтээлд бүхэлдээ түүний гэмгүй цагаахан хошигнол туссан байна" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.