“Азийн хавар” Филиппинд өрнөж байна
Саяхан Азийн хэд хэдэн оронд өрнөсөн Z үеийнхний жагсаал одоо Филиппинд өрнөөд байна. Өчигдөр Манила хотын төв хэсэгт орших "Ризал" цэцэрлэгт хүрээлэнд 8000 орчим залуус цугларч улс төрчдийн авлигыг эсэргүүцсэн томоохон жагсаал хийжээ. Залуус "Бид хөдөлмөрлөж олсон хөлсөөрөө хулгайчдын авлигыг төлж байна” гэх мэт уриа лоозон барьж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх төслийн мөнгийг эрх баригчид шамшигдуулж, авлигад зарцуулсан гэх хэргийг буруушаажээ. Хар салхи болон бусад хүчин зүйлийн улмаас үерийн хохирол амсах өндөр магадлалтай Филиппин улс сүүлийн гурван жилийн хугацаанд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх 9800 гаруй төсөлд ойролцоогоор 545 тэрбум филиппин песо (ойролцоогоор 9.5 тэрбум доллар) зарцуулсан байна. Гэвч сүүлийн үед энэ мөнгөнөөс шамшигдуулсан хууль тогтоогчдийн хэд хэдэн хэрэг илэрчээ. Сангийн сайд Ральф Ректо 2023 оноос хойш уг төслүүдийн хөрөнгөнөөс авлигад зарцуулсан эдийн засгийн алдагдал ойролцоогоор 42.3-118.5 тэрбум филиппин песо хүрнэ гэж мэдэгдсэн бөгөөд Засгийн газар төслийн мөнгөнөөс авлига авсан байж болзошгүй асуудлыг шалгаж, буруутай этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үүрэг бүхий бие даасан комисс байгуулсан байна. Эсэргүүцлийн удирдагчдын нэг Фрэнсис Акино GMA News телевизэд өгсөн ярилцлагадаа "Үерийн улмаас хүмүүс зовж байхад авлигачид олон нийтийн сүлжээгээр тансаг амьдралаа гайхуулж байна" хэмээн шүүмжилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







