Моника Беллуччи нөхрөөсөө саллаа

Моника Беллуччи нөхрөөсөө саллаа


   Италийн алдартай жүжигчин, загвар өмсөгч, эдүгээ 61 настай Моника Беллуччи Холливүүдийн найруулагч, 67 настай Тим Бёртон нар гурван жил хамт амьдарсны эцэст хоёр тийш болж буйгаа зарлав. AFP агентлагийн мэдээлснээр, тэд хамтарсан мэдэгдэл хийж "Бие биенээ хүндэтгэх үүднээс эв найртайгаар салахаар шийдсэн" гэжээ. М.Беллуччи, Т.Бёртон нар 2022 оны аравдугаар сард Францын Лион хотод болсон Люмьэрийн кино наадамд оролцсоныхоо дараа дотносож эхэлсэн бөгөөд тухайн үед М.Беллучи уг наадмын "Насан туршийн алдар" шагналыг Т.Бёртонд гардуулан өгсөн юм. Үүний дараа тэд олны нүдэн дээр хөтлөлцөн алхах болж, нэг жилийн дараа хамтран амьдрах болсноо мэдэгдсэн билээ. Т.Бёртон мөн өнгөрсөн онд нээлтээ хийсэн "Beetlejuice" киноныхоо гол дүрд М.Беллуччиг тоглуулсан юм. 1964 онд төрсөн М.Беллуччи "L'Appartement", "Malena", "Irreversible," "Tears of the Sun" "Spectre" зэрэг кинонд тоглож, гарамгай жүжигчин гэдгээ харуулсан билээ. Тэрбээр 1999 онд Францын жүжигчин Винсэнт Кассэльтэй гэрлэж хоёр охинтой болсон ч 2013 онд гэрлэлтээ цуцлуулсан юм. Харин Batman”, “Corpse Bride”, “Frankenweenie”, “Planet of the Apes”, “Alice in Wonderland, Dark Shadows”, “Charlie and the Chocolate Factory” зэрэг кинонуудаараа алдаршсан кино найруулагч Т.Бёртон жүжигчин Хелена Бонэм Картертай 2001 оноос хойш хамтран амьдарч хоёр хүүхэдтэй болсон ч 2014 онд салжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.