Үхрийг эрээн тахь шиг болгож будсан япон эрдэмтэд "Ig Nobel" шагнал хүртэв

Үхрийг эрээн тахь шиг болгож будсан япон эрдэмтэд "Ig Nobel" шагнал хүртэв


   Японы судалгааны баг үхрийн бие дээр эрээн тахь маягийн судал зурж өгснөөр ялаа, шумуул суух нь багасгадаг болохыг харуулсан судалгаагаар 35 дахь удаагийн Ig Nobel шагналыг хүртжээ. Харвардын их сургуулийн шинжлэх ухааны “Annals of Improbable Research” (AIR) хошин сэтгүүлээс зохион байгуулдаг “Ig Nobel Prizes” шагнал нь 1991 оноос эхлэлтэй бөгөөд шинжлэх ухааны судалгаанд гарсан ер бусын, давтагдашгүй, хошин судалгаанд олгодог шагнал юм. Гол зорилго нь хүмүүсийг эхлээд инээлгэж, дараа нь эргэцүүлэн бодоход хүргэсэн амжилтыг алдаршуулах явдал аж. NHK телевизийн мэдээлснээр, Японы Хөдөө аж ахуй, хүнсний шинжлэх ухаан технологийн үндэсний хүрээлэнгийн судлаач Томоки Кожимагаар ахлуулсан судалгааны баг өнгөрсөн 18-ны өдөр дээрх судалгааны дүнг олон нийтэд танилцуулснаар энэ жилийн биологийн салбарын "Ig Nobel" шагналыг хүртсэн байна. Тэд эрээн тахийн судал нь цус сорогч шумуул, ялаа зэргийг сайтар үргээдэг болохыг харуулсан судалгаанаас санаа авч туршилт хийжээ. Ингэхдээ цагаан өнгийн шүршигч будгаар 4-5 см зайтай судал гаргаж будсан үхэр, хар будгаар мөн судал гарган будсан үхэр, огт судал, толбогүй гурван янзын үхрийг туршилтад оруулж 30 минут ажигласан байна. Ингээд үхэр дээр суусан ялааны тоог тоолж үзэхэд будаагүй үхэр дээр 128 цус сорогч шавж суусан байжээ. Харин хараар будсан үхэрт 111 шавж, цагаан өнгөөр будсан үхэр дээр ердөө 55 ялаа суусан байв. Цагаан судалт үхэр шилгээх, толгой сэгсрэх, хөлөө дэвсэх зэрэг үйлдэл хийж ялаа үргээж буй байдал нь бусад үхэртэй харьцуулахад ойролцоогоор 25 хувиар бага байжээ. Үхрийн биед цус сорогч суухгүй байснаар хортон шавжийн эсрэг эмийн шаардлага байхгүй болох төдийгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой хувь нэмэртэй болохыг нэхүү судалгаа онцолсон байна. Нэмж дурдахад шагналыг өөр 10 салбарын судлаач хүртжээ. Тухайлбал ээж нь саримс сайн идвэл хүүхэд хөхөө сайн хөхдөг болохыг олж тогтоосон судлаач, гутал, пүүзийн үнэрийг саармагжуулдаг тавиур зохион бүтээсэн Энэтхэгийн эрдэмтэд, түүгээр үл барам ганц хундага хатуу цагаан архи хүмүүсийн гадаад хэлний чадварыг дээшлүүлдэг болохыг тогтоосон Герман, Нидерланд, Их Британийн хамтарсан баг тус шагналыг хүртжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.