АНУ болон Их Британи юун дээр санал нэгдэж, ямар асуудлаар санал зөрөлдөв?

АНУ болон Их Британи юун дээр санал нэгдэж, ямар асуудлаар санал зөрөлдөв?


   Их Британид төрийн айлчлал хийж буй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын ерөнхий сайд Кейр Стармертай хамтран хэвлэлийн бага хурал хийлгэв. Тэрбээр Орос-Украины дайны тухай асуултад “Украины дайныг хялбархан шийдэж болно гэж боддог байлаа.  Гэвч В.Путин миний урмыг үнэхээр хугалсан” гэжээ. Улмаар Украины дайн АНУ-д шууд нөлөөлөхгүй ч өөрөө энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй гэж боддогоо онцлон дурджээ. Харин К.Стармер "Бид АНУ-тай хамтран Украины хамгаалалтыг бэхжүүлэх арга замын талаар ярилцсан" гээд, В.Путинд илүү их шахалт үзүүлэх ёстойг тэмдэглэсэн байна. Мөн хоёр удирдагч Украины асуудлаар Барууны орнууд эв санааны нэгдэлтэй байгааг тэмдэглэж, Орос улс НАТО-гийн агаарын орон зайг зөрчсөн гэдгийг хэлжээ. Их Британи улс батлан ​​хамгаалах зардлаа ДНБ-ийхээ 5 хувьд хүргэх зорилт тавьсныг Д.Трамп сайшааж "Бид Европын аюулгүй байдлын төлөө Их Британийн армитай илүү нягт хамтран ажиллах болно” гэжээ. Үүний хариуд К.Стармер "Их Британи, Франц тэргүүтэй эвсэл Украин улсад далай, агаар, хуурай замын цэргийн дэмжлэг үзүүлж, Украины өөрийгөө хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх болно" гэж мэдэгдэв.

   Харин хоёр тал Израиль, ХАМАС-ын хоорондох дайны асуудал дээр санал зөрөлдөөнтэй буй нь илэрхий байлаа. К.Стармер "Газын зурвас дахь өнөөгийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, барьцаалагдсан хүмүүсийг суллах замаар энх тайван тогтоох замын зураглал хэрэгтэй" гээд, Палестин улсыг хүлээн зөвшөөрөх асуудал дээр тодорхойгүй хариулт өгсөн бол Д.Трамп "Би эрхэм ерөнхий сайдтай санал нийлэхгүй байна. Энэ бол бидний дунд байгаа цөөхөн санал зөрөлдөөний нэг" гэжээ. Мөн Д.Трамп Хятадтай хийж буй худалдааны асуудлыг хөндөв. Тэрбээр "Хятад улс одоогоор АНУ-д их хэмжээний татвар төлж, бид ч их ашиг олж байна" гээд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй сайн харилцаатай гэдгээ хэлж Саяхан би Ши Жиньпин даргад төрсөн өдрийн мэнд хүргэсэн” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.