Египет: Музейгээс 3000 жилийн настай алтан бугуйвч алдагджээ

Египет: Музейгээс 3000 жилийн настай алтан бугуйвч алдагджээ


   Египетийн нийслэл Каир хотын Үндэсний музейгээс 3000 жилийн өмнө нэгэн фараоны хэрэглэж байсан алтан бугуйвч алга болж, хуулийн байгууллага мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлжээ. AFP агентлагийн мэдээлснээр, тус улсын Эртний эдлэл, соёлын өвийн яам Каир хотын Тахрирын талбай дахь Үндэсний музейн сэргээн засварлах өрөөнөөс 3000 жилийн настай алтан бугуйвч алга болсныг хүлээн зөвшөөрсөн байна. Бугуйвч Танис хотод малтлага хийх үеэр олдож, МЭӨ 993-984 онд хаанчилж байсан фараон Аменемопегийнх болох нь тогтоогдсон, номин чулуун шигтгээтэй байжээ. Ирэх сарын сүүлээр Италийн Ром хотноо дэлгэхээр төлөвлөж байсан "Фараонуудын эрдэнэс" үзэсгэлэнгийн өмнө музейн ажилтнууд цуглуулгын каталогийг хийж байхдаа бугуйвч алга болсныг олж мэдсэн байна. Кэмбрижийн их сургуулийн археологич, профессор Кристос Цирогианнис бугуйвч хаана байгаа талаар хэд хэдэн таамаг дэвшүүлжээ. Юуны өмнө бугуйвч удахгүй онлайн худалдааны платформ, галерей эсвэл дуудлага худалдааны газруудад гарч ирэх магадлалтай гэнэ. Мөн бугуйвчийг хайлуулсан байх боломжтойг тэмдэглэсэн байна. Бас нэг таамаг дэвшүүлсэн нь, эртний үнэт эдлэл цуглуулдаг сонирхогчдын хувийн цуглуулгад байх магадлалтай гэжээ. Өөр нэг найдвар бол хулгайлсан этгээд ямар зүйл хийснээ ойлгоод буцааж өгч магадгүй аж. Тэрбээр “Өмнө нь Египетийн музейнүүдээс алга болсон зарим эд зүйлийг музейн цэцэрлэгт авчирч орхисон, музейн хаягаар илгээсэн тохиолдол бий” гэжээ. Хууль бусаар хил нэвтрүүлэхээс сэргийлэх зорилгоор Египетийн бүх нисэх онгоцны буудал, боомт, хуурай замын хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдээр бугуйвчны зургийг хэвлэж тараасан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.