images

Б.Цэрэндулам: Урианхай дээл хийнэ гэдэг амар хөдөлмөр биш

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-12-20


Ховд аймгийн Дуут сумын иргэн, урианхай угсаатны бий биелгээ, дуу, хувцас, зан заншлыг өвлөн тээгч Б.Цэрэндулам урианхайн дээл хувцас урлах аргын талаар манай сурвалжлагчид ярилаа. Залуудаа Ховд аймгийн хөгжимт драмын театрын бүжигчин байсан тэрбээр одоо өв соёлоо тээн дэлгэрүүлэх ажилд сэтгэл шулууджээ.

     Урианхай дээлийг туулайн мөр, галуун таваг оёогоор чимдэг юм. Заавал тэгш оёх ёстой. Цаана нь наалт наахгүйгээр даавуун материалын хөвөөн дээр оёно. Би дээл хийх уламжлалт аргаа язгуур байдлаар нь авч үлдэх зорилготой хүн. Тийм учраас наалт ашигладаггүй. Анх ээж, эгч хоёроороо дээл хийхийг заалгасан. Энэ соёл мартагдах янзтай болсон учраас сэргээе гэж чармайж байна. Урианхай дээл бусад үндэстний хувцаснаас зах оёогоороо ялгарна. Тана, явуугаар гоёдог. Урианхай хөвүүний дээл өндөр оноотой байдаг нь морь унах, ан гөрөө хийхэд тохиромжтой. Мөн хөвүүний дээл нударгагүй, эмэгтэй дээл буумал нударгатай байдаг. Нударга нь гар дулаан байлгаж, салхи шорооноос хамгаална. Бид дээлээ өнгө өнгийн даавуугаар хийдэг. Дээхэн үед чисчүүгээр хийдэг байлаа. “Чисчүү дээл нь цэгцрээд байна аа, царай зүс нь таараад байна аа” гэж дуулдаг юм. Эсгүүр нь монгол дээлийнх шиг. Олон оёо, өнгө өнгийн даавуу оруулдаг учраас урианхай дээл хийнэ гэдэг амар хөдөлмөр биш ээ. Жишээлбэл, гурван утас зэрэг тавьж нуруу ороож оёдог. Би Мөнххайрхан, Дуут суманд нэг нэг шавьтай.

     Урианхайчуудад цээжнээс дээшх хувцсаа хийдэг толгойн дэр (уут), хөлнөөс доошх хувцсаа хийдэг хөлийн дэр гэж бий. Өмнө нь хөл, толгойн дэрээ татдаг уяатай хийдэг байсан. Одоо ингээд цахилгаан хадчихсан байна. Мөн бид хувцас хэрэглэлдээ шүд оёо оёдог. Үүнийг казахууд бас их оёно. Энэ оёо хүнийг хар цагаан хэл амнаас хамгаалдаг домтой юм.

     Урианхай гутлыг мааг госон гэнэ. Урианхай хүүхэн хайртай залуудаа гутал оёж өгөхөд “Ямар нэртэй гутал вэ?” гэж асуужээ. Тэгэхээр нь “Май” гэж. Манайхан хүнд юм өгөхдөө “май” гэдэг юм.  Залуу нь “За, тэгвэл мааг гэе” гэж л дээ. Зарим газар сүүхэй гутал гэдэг юм байна. Би мааг госоноо үхрийн ширээр уллаж хийсэн.

     Урианхай эмэгтэйн бүснээс таван өнгийн арчуур унжина. Бэлгэ дэмбэрэл агуулсан ногоон, улаан, цагаан, шар, хөх өнгөтэй. Хөлс, гараа арчиж болно. Учрыг нь судалж үзэх гэтэл энэ талаар сайн бичигдээгүй юм билээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Амгалан урианхай үндэстний хувцсыг сайн судалсан.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.