Зүүн Тимор: Парламентын гишүүдэд шинэ машин олгож буйг эсэргүүцэн жагсаж шийдвэрийг цуцлуулав

Зүүн Тимор: Парламентын гишүүдэд шинэ машин олгож буйг эсэргүүцэн жагсаж шийдвэрийг цуцлуулав


   Зүүн Өмнөд Азийн буурай орнуудын нэг болох Зүүн Тиморын их сургуулийн оюутнууд парламентын гишүүдэд шинэ машин олгох болсныг эсэргүүцэн гудамжинд гарч жагссан байна. Тэд "Хулгайчдыг зогсоо" гэсэн уриа лоозон барьж парламентын ордны ойролцоо тавьсан төрийн албан хаагчдын машинуудыг шатааж, цагдаа нартай мөргөлджээ. Жагсагчдын дийлэнх нь Дили хотын их дээд сургуулийн оюутнууд байсан бөгөөд тэд парламентын 65 гишүүнд "Toyota" маркийн шинэ машин олгохоор болсон шийдвэрийг эсэргүүцсэн нь энэ юм. Үүний дараа парламент дээрх төлөвлөгөөг цуцлахаар болсноо илэрхийлсэн ч жагсагчид албан ёсны шийдвэр гарах хүртэл жагсаалаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Энэ үеэр ерөнхийлөгч Хосе Рамос-Хорта "Засгийн газар эсвэл парламент буруу шийдвэр гаргавал эсэргүүцэх нь зүйн хэрэг. Харин хүчирхийлэл үйлдэх ёсгүй" гэжээ. 1.4 сая хүн амтай Зүүн Тимор нь Зүүн Өмнөд Азийн хамгийн ядуу орны нэг бөгөөд хүн амын 40 орчим хувь нь ядуу амьдардаг, нийгмийн тэгш бус байдал гүнзгийрсэн, хүнсний хомсдол нүүрлэж, ажилгүйдэл газар авсан орон юм. Сүүлийн үед Азийн орнуудад улстөрчид, эрх ямбатай давхаргынхныг эсэргүүцсэн томоохон жагсаал цуглаан ихээр гарах болжээ. Индонезид парламентын гишүүдэд давуу эрх олгохыг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн сарын сүүлээр орон даяар өрнөж, жагсагчид галдан шатаах зэргээр эсэргүүцлээ хатуу илэрхийлсэн бол саяхан Балба улсад мөн эрх ямбатны тансаглал, авлигыг эсэргүүцсэн нүсэр жагсаал болж 72 хүн, түүний дотор гурван цагдаа амиа алдаж, 2113 хүн шархдан Засгийн газар нь огцорсон юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.