Дэлхий даяар өргөн ашигладаг меркатор проекцийн газрын зургийг өөрчилнө
VANK (Voluntary Agency Network of Korea) кибер дипломат төлөөлөгчийн газар Африк тивийн байршил, хэмжээг гажуудуулж буй меркатор (мercator)-ын проекцийн газрын зургийн оронд дэлхийн тэгш хэмийг зөв дүрслэгдсэн газрын зураг ашиглахыг уриалах дэлхий нийтийн кампанит ажил эхлүүлж буйгаа мэдэгдэв. VANK-аас олон улсын байгууллагууд дэлхийн газрын зургийг хэрхэн ашиглаж байгааг судалж үзэхэд меркаторын проекцийн зургийг ЮНЕСКО, ЮНИСЕФ зэрэг НҮБ-ын агентлагууд, түүнчлэн Африкийн Хөгжлийн Банк (AfDB) зэрэг байгууллагууд өргөнөөр ашигладаг болохыг тогтоожээ. Меркаторын проекцийн газрын зургийг 1569 онд Голландын газарзүйч Жерардус Меркатор навигацийн зорилгоор бүтээсэн аж. Дэлхийг цилиндрт тусгах аргаар дүрсэлсэн энэ зураг нь тивүүдийн хэмжээг гажуудуулсан, тухайлбал хойд туйлын ойролцоох Гренланд нь Африктай бараг ижил газар нутагтай мэт дүрслэгдсэн гэж шүүмжилдэг. Дээрх кампанит ажлыг дэлхий даяар сурталчлахын тулд VANK нь солонгос, англи хэл дээр дижитал зурагт хуудас бэлтгэж, түгээх ажээ. Тус байгууллагын захирал Пак Ки Тэ олон улсын байгууллагуудын меркатор проекцийн газрын зургийг шүүмжилж "Энэ нь Африкийн талаарх дэлхийн ойлголтыг гажуудуулж байна. Хүн хүчний болон байгалийн баялаг арвин, хөгжлийн чадавхтай Африкийг зүгээр нэг жижиг тив болгож харагдуулж байна" гэжээ. Өнгөрсөн сард Африкийн холбоо (AU) кампанит ажлыг албан ёсоор дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Улмаар Африкийн орнууд НҮБ, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудад хандан меркаторын проекцийн оронд дэлхийн тэгш хэмийг зөв дүрсэлсэн газрын зургийг батлахыг уриалж байна. 2018 онд боловсруулсан “Equal Earth map” газрын зураг нь нь улс орон, тивүүдийн бодит газар нутгийг үнэн зөв харуулсан хамгийн зөв газрын зураг гэж үздэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







