АНУ-ын хоригт орсон орны оюутнуудад виз олгохыг зогсоожээ
Талибаны дэглэм эмэгтэйчүүдийг их сургуульд суралцахыг хориглосны дараа 21 настай афган бүсгүй Бахара Сагари АНУ-д суралцахаар шийджээ. Ингээд хэдэн жил хичээн зүтгэсний эцэст Иллинойс мужийн Нокс коллежид элсэж чадсан байна. Хэрэв бүх зүйл төлөвлөсний дагуу явсан бол Б.Сагари энэ жил АНУ-д очиж суралцах ёстой байв. Гэсэн хэдий ч өнгөрсөн зургаадугаар сард АНУ-ын Засгийн газар 19 орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглож, Афганистан улс энэ хоригт орсноор түүний мөрөөдөл талаар болжээ. Нэрээ хэлэхээс татгалзсан 18 настай мьянмар оюутанд ч мөн ийм явдал тохиолдсон байна. Тэрбээр мөн Өмнөд Флоридагийн их сургуульд элсэх урилга хүлээн авсан ч дээрх шалтгаанаар Америкт очих боломжгүй болжээ. Д.Трампын засаг захиргаа Афганистан, Мьянмар, Иран зэрэг 19 орны иргэдэд оюутны виз олгохыг зогсоож, хүлээн авахыг хориглосноор олон оюутны гадаадад сурах мөрөөдөл талаар болжээ. Өнгөрсөн зургаадугаар сард Д.Трампын засаг захиргаа терроризм, олон нийтийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэн Иран, Йемен, Афганистан, Мьянмар, Чад зэрэг 12 улсын иргэдэд виз олгохоос татгалзаж, АНУ-д нэвтрэхийг хориглосон юм. Цаашлаад Венесуэл, Бурунди, Куба зэрэг долоон улсын иргэдэд оюутны болон жуулчны виз олгохыг зогсоосон байна. Тиймээс АНУ-д нэвтрэх боломжгүй болсон дээрх орны иргэд, оюутан залуус хориг цуцлагдана гэсэн найдвар тавин хүлээсээр байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







