ХБНГУ-ын Бундестагийн дарга Жулия Клёкнер гишүүдээ хатуу гараар удирддаг

ХБНГУ-ын Бундестагийн дарга Жулия Клёкнер гишүүдээ хатуу гараар удирддаг


   ХБНГУ-ын Бундестагийн дарга Жулия Клёкнер гишүүдийг чуулганы хуралдааны танхимд ухаалаг утас, зөөврийн компьютер, таблет ашиглахаа хязгаарлах, мөн дээрх төхөөрөмжүүд дээрээ наасан элдэв улс төрийн агуулга бүхий наалтыг авч хаяхыг анхааруулсан тухай тус улсын долоо хоног тутмын “Zeit" сонин мэдээлэв.  Тодруулбал, Ж.Клёкнер Бундестагийн нийт гишүүдэд хандан албан бичиг илгээж "Элдэв улс төрийн агуулга бүхий наалт болон бусад зурвас бүхий төхөөрөмж ашиглахыг шууд хориглоно” гээд, харин чуулганы хуралдааны үеэр зөөврийн компьютер, таблет ашиглахыг зарчмын хувьд зөвшөөрч болох ч хуралдаанд хайхрамжгүй хандахаас зайлсхийх, хязгаартай ашиглах, ялангуяа хамгийн урд эгнээнд суудаг гишүүд үүнийг онцгойлон анхаарахыг сануулсан байна. Христийн ардчилсан намын (CDU) гишүүн Ж.Клёкнер өнгөрсөн тавдугаар сард албан тушаалаа авснаас хойш парламентын дүрмийг чанд мөрдөхийг гишүүдээс шаардах болсон байна. Тухайлбал Ногоон намын хууль тогтоогч Газын зурваст хийж буй Израилийн үйлдлийг буруушааж, "Палестин" гэсэн бичигтэй цамц өмсөж чуулганы хуралдаанд оролцоход түүнийг танхимаас гарахыг тушааж, цаашид ийм улс төрийн агуулга бүхий бичвэрийг бүрмөсөн хориглоно гэдгээ мэдэгдсэн байна. Мөн өдөр Израилийг дэмжсэн уриа хашгирсан гишүүнийг танхимаас хөөжээ.

   Өнгөрсөн долоодугаар сард болсон Берлиний фестивалийн үеэр трансжендер болон бэлгийн өөр чиг хандлагатай хүмүүсийн бэлгэдэл болсон солонгон өнгөт дарцгийг парламентын ордон болон хууль тогтоогчдын ажлын өрөөнд байрлуулах тухай яригдахад Ж.Клёкнер үүнийг эрс эсэргүүцэж “Бундестаг бол хэн дуртай нь юу ч хамаагүй өлгөж байдаг циркийн тайз биш” гэж байв. Дээрх шийдвэрийн талаар “Der Spiegel” сэтгүүл "Стикер наалтад онцгой дуртай гишүүд наалтаа урж хаяад, оюутнууд шиг ширээн доогуураа гар утсаар оролдох, эсвэл Ж.Клёкнерийн албан захидлыг өдөөн хатгалга гэж үзэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.