Албани улс хиймэл оюун ухааныг төрийн сайдаар томилов

Албани улс хиймэл оюун ухааныг төрийн сайдаар томилов


   Албани улсын Засгийн газар авлигыг устгаж, төрийн төслүүдийн ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд хиймэл оюун ухааныг (AI) сайдаар томилжээ. Энэ талаар ерөнхий сайд Эди Рама "Диелла (Diella) нэртэй хиймэл оюун ухаант дүрийг Төрийн худалдан авалтын сайдаар томилсон" гэж мэдэгдэв. Албани үндэсний хувцас өмссөн Диелла сайдын нэр нь албани хэлээр “нар” гэсэн утгатай бөгөөд хүмүүстэй яриа өрнүүлэх чадвартай ажээ. Тэрбээр төрийн худалдан авах ажиллагааны журам, тэр дундаа Засгийн газрын гэрээний үнэлгээ, сонгон шалгаруулах үйл явцыг хүний ​​оролцоогүйгээр хянаж, улмаар хээл хахууль нэхэх, дарамтлан сүрдүүлэх зэрэг авлигын элементүүдийг арилгах ажээ. Диелла нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Засгийн газрын дижитал үйлчилгээний “e-albania” цахим хуудасны виртуал туслахаар ажилласан байна. Олон тооны хууль тогтоомж, олон нийтийн баримт бичгийг бүрэн эзэмшсэн Диелла иргэдэд бичиг баримт боловсруулах, иргэний хэргийн асуудалд тусалсаар ирсэн бөгөөд энэ удаад сайдын албан тушаалд дэвшсэн нь энэ юм. Засгийн газрын албаны хүн "Диеллад илүү их эрх мэдэл олгосноор бид авлигын үүр уурхай болсон төрийн худалдан авалтад хувьсгал хийнэ гэж найдаж байна. Авлигад автахгүй байх бүрэн дархлаатай Диелла төрийн худалдан авалтыг 100 хувь авлигагүй явуулна" гэж мэдэгдэв. Хүйтэн дайны үед ЗХУ-ын дагуул улс байсан Албанид социалист систем задран унасны дараа олон жил эмх замбараагүй байдал нүүрлэж, авлига газар авсан бөгөөд 2017-2022 онд ажилласан ерөнхийлөгч Илир Мета мөнгө угаасан хэргээр өнгөрсөн онд баривчлагдсан юм. Тус улс 2009 онд Европын холбоонд нэгдэх хүсэлт гаргасан боловч ЕХ-ны зүгээс тавьдаг “авлигыг арилгах, хууль дээдлэх ёсыг тогтоох” үндсэн нөхцөлийг хангаагүйн улмаас нэгдэн орж чадаагүй байна.

   Авлигаас урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд хиймэл оюун ухаан ашиглах оролдлого дэлхий даяар нэмэгдэж байна. Бразилын "Alice" нэртэй хиймэл оюунт дүр тендерийн баримт бичигт дүн шинжилгээ хийхэд аудиторуудад тусалснаар санхүүгийн алдагдлыг 30 хүртэл хувиар бууруулж чадсан бол Испанийн цагдаагийн газар хуурамч мэдээллийг автоматаар илрүүлэхийн тулд хиймэл оюун ухааныг өргөнөөр ашиглаж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.