Шүүх Д.Трампыг буруутайд тооцож 83 сая доллар төлүүлэхээр болов
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бэлгийн дарамтад өртсөн хохирогчид хариуцагч нь 83 сая доллар төлөх ёстой гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ. Өөрөөр хэлбэл, Нью-Йорк хотын Холбооны тойргийн шүүх Д.Трампыг хувцас загварын нийтлэлч Э.Жин Кэрролд 83.3 сая доллар төлөх ёстой гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн байна. Шүүхийн шийдвэрт “Анхан шатны шүүх алдаа гаргаагүй бөгөөд энэ хэргийн өвөрмөц, заримдаа хэрцгий гэж болмоор баримтуудыг харгалзан үзэж, шүүх бүрэлдэхүүн зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна” гэжээ. Өмнө нь Д.Трамп улсын ерөнхийлөгчийн хувьд халдашгүй дархан эрхтэй, мөн тангарагтны шүүгчдийн тогтоосон нөхөн төлбөрийн хэмжээ хэт их байна гэж үзэн давж заалдсан юм. Э.Кэррол нь 1996 онд Манхэттен дэх их дэлгүүрийн хувцас солих өрөөнд Д.Трампын бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг 2023 оны тавдугаар сард эцэслэн шийдвэрлэсэн юм. Гэсэн хэдий ч Д.Трамп "Түүнийг танихгүй, худлаа ярьж байна" гэж мэдэгдэх төдийгүй "Миний сонирхлыг татах эмэгтэй биш" гэхчлэн байнга няцаасаар ирсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн хэргийг авч хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







