Барууны кино уран бүтээлчид Израилийн киночидтай хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгдэв
Их Британийн жүжигчин Тильда Свинтон, Грекийн найруулагч Йоргос Лантимос зэрэг Барууны нэр бүхий хэд хэдэн кино уран бүтээлч Газын зурваст өрнөж буй халдлагыг геноцид хэмээн нэрлэж, Израилийн киноны байгууллагуудтай хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдэв. Их Британийн "The Guardian" сонины мэдээлснээр, Палестиныг дэмжигч кино мэргэжилтнүүдийн нэгдэл болох “Палестины төлөө бүлгэм” ийм агуулга бүхий мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд "Кино уран бүтээлчид, жүжигчид, кино урлагийн мэргэжилтнүүд бид аливаа ойлголтыг төлөвшүүлэхэд кино ямар их үүрэгтэйг мэднэ. Газын зурваст геноцид явуулж буй энэ эгзэгтэй үед бид үүний эсрэг чадах бүхнээ хийх болно" гэжээ. Улмаар Израилийн кино үйлдвэрлэгч компаниуд, дистрибьютерүүд, худалдааны агентууд болон театрууд Палестины ард түмний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрхийг ойшоож үзэхгүй байгааг шүүмжлээд, геноцидийг алдаршуулах, зөвтгөх, мөн ийм үйлдэл хийсэн засгийн газартай хамтран ажиллахыг хүчирхийллийн хамтрагч гэж тодорхойлно гэдгийг онцолсон байна. Мэдэгдэлд Т.Свинтон, Й.Лантимос нараас гадна Их Британийн жүжигчин Оливиа Коулман, Америкийн жүжигчин Марк Руффало, Синтиа Никсон, Испанийн жүжигчин Хавьер Бардем нар гарын үсэг зуржээ. “The Guardian” сонин тэдний үйл ажиллагааг 1980-аад онд Өмнөд Африк дахь арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг киночдын эв санааны нэгдлийн хөдөлгөөнтэй харьцуулсан байна. Тухайн үед Америкийн алдарт найруулагч Мартин Скорсезе тэргүүтэй хүмүүс арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг кино уран бүтээлчдийн нэгдэл байгуулж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







