Йелийн их сургууль оюутны хувийн мэдээллийг нийтэд ил болгохыг хориглов
АНУ-ын Йелийн их сургууль эзнийх нь зөвшөөрөлгүйгээр цахим шуудан, утасны дугаар, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг нийтэд ил болгохыг хориглов. Үүнийгээ бусдын хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй задруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцож, хатуу шийтгэл ногдуулах “anti-doxxing” бодлого гэж мэдэгдсэн байна. "Doxxing" гэсэн нэр томьёо нь "docs" гэсэн үгнээс гаралтай бөгөөд хувийн мэдээллийг онлайнаар зөвшөөрөлгүй тараахыг хэлдэг аж. Сургуулийн захиргаа оюутны “Yale Daily News” сонинд мэдээлэхдээ "Бид оюутнуудаа элдэв халдлагаас хамгаалахын тулд энэ бодлогыг хэрэгжүүлж байна" гээд оюутнуудад хувийн мэдээллийг нь зөвшөөрөлгүй задруулсны улмаас хохирол учирсан тохиолдолд сургуулийн захиргаанд нэн даруй мэдэгдэхийг уриалсан байна. Энэ нь тус сургуулийн оюутнуудын шаардлагаас үүдэлтэй ажээ. Өмнө нь Оюутны зөвлөлөөс "Оюутнууд үзэл бодлоо илэрхийлж эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнд оролцсоныхоо төлөө цахим заналхийлэлд өртөх тохиолдол их гарч байна” гээд, энэ асуудал дээр арга хэмжээ авахыг сургуулийн захиргаанаас шаардсан байна. 2023 оны 10 дугаар сард Палестины ХАМАС бүлэглэл Израиль руу довтолсноос хойш Израилийн эсрэг жагсаалд оролцсон оюутнуудыг төрөл бүрээр заналхийлэх болжээ. Үүнээс үүдэн Харвард, Коламбиа, Корнелл зэрэг их сургуулиуд мөн холбогдох арга хэмжээг авахаа мэдэгдсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







