Сөүлийн Олимпын луйврын алтан медаль 36 жилийн дараа жинхэнэ эзэндээ очлоо
1988 оны Сөүлийн Олимпын хаалтын ёслолын өмнөхөн болсон эрэгтэйчүүдийн боксын дунд жингийн шигшээ тоглолтод Өмнөд Солонгосын тамирчин Пак Ши Хөн Америкийн боксчин Рой Жонсыг 3:2-оор ялж, алтан медалийн эзэн болсон юм. Гэсэн хэдий ч энэ тоглолтыг шүүгчид илт буруу шүүснээр боксын түүхэн дэх хамгийн том луйвар болсон гэж үздэг. Р.Жонс тулаанд илт илүүрхсэн ч эцсийн дүн эсрэгээр гарчээ. Энэхүү будлианы улмаас гурван шүүгчид сахилгын шийтгэл ногдуулж, хоёр шүүгчийн эрхийг бүх насаар нь хассан бөгөөд дахин ийм шийдвэр гаргуулахгүйн тулд боксын шүүлтийн системд томоохон өөрчлөлт оруулсан түүхтэй. Гэтэл саяхан буюу 36 жилийн дараа Америкийн тамирчин Р.Жонст Олимпын алтан медаль очсон байна. Учрыг тодруулбал Өмнөд Солонгосын тамирчин Пак Ши Хөн түүнийг зорин очиж өөрийн биеэр уулзаад 1988 онд хүртсэн алтан медалиа гардуулан өгч, энэ бичлэгээ олон нийтийн сүлжээнд хуваалцжээ. Харин энэ явдал 2023 оны тавдугаар сард болсон гэх мэдээлэл байна. Пак Ши Хөн Р.Жонстой уулзаад "Би чамайг ялах гэж 36 жил хүлээсэн" хэмээн халуун дотноор тэврэлдсэний дараа медалиа дээш өргөн үзүүлж "Энэ бол 1988 оны Сөүлийн Олимпын алтан медаль. Тухайн үед би хүртсэн ч одоо чамд буцааж өгье. Энэ одоо чинийх" гэж хэлсэн байна. Үүнийг сонссон Р.Жонс нулимс унагажээ. Энэ талаар Р.Жонс олон нийтийн сүлжээнд "1988 онд боксын түүхэн дэх хамгийн том будлиан гарч би алтан медалиа алдсан юм. Гэвч бурхны авралаар тэр медалийг миний солонгос найз төрөлх хотод минь надад авчирч өглөө" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







