Шведийн соёлын 100 өвд ямар бүтээлүүд багтав?

Шведийн соёлын 100 өвд ямар бүтээлүүд багтав?


   Шведийн засгийн газрын захиалгаар түүхч эрдэмтэн Ларг Троегардаар ахлуулсан ажлын хэсэг хоёр жил орчим ажиллаж "Шведийн соёлын 100 өв” жагсаалт гарган Соёлын сайддаа өргөн барьжээ. 8 сая крон зарцуулсан энэхүү сонгон шалгаруулах үйл явцыг шинжээчдийн хоёр баг, хоёр жил ажиллаж эцэслэсэн бөгөөд шалгаруулалтад яруу найраг, хөгжим, эдийн засаг, шашин шүтлэг, хууль эрх зүй, шинэ бүтээл зэрэг 11 төрөлд 1975 оноос өмнөх үед хамрагдах 50-иас доошгүй жилийн настай, Шведийн онцлогийг бүхэлд нь илэрхийлсэн бүтээл, брэндүүдийг сонгосон байна. Багийн ахлагч Л.Троегард хэлэхдээ "Энэхүү жагсаалт нь Швед гэж ямар улс болохыг тодорхойлж, манай улсын иргэн болсон гадаад хүмүүс, шинэ иргэдэд улс үндэстнээ танин мэдэх луужин болох юм” гэжээ.

   Шведийн соёлын өвд юуны түрүүнд гэр ахуйн барааны IKEA брэнд, 1945 онд анх хэвлэгдээд, улмаар олон ангит кино болж дэлхий даяар түгсэн “Pippi Långstrump” зохиол, 1541 онд анх швед хэлээр бичигдсэн Густав Васагийн Библи, 14 дүгээр зуунд тохиосон тахал өвчин болон итгэл бишрэлийн тухай өгүүлдэг “The Seventh Seal” кино багтжээ. Түүнчлэн Нобелийн шагнал, Нобелийн шагналын хүлээн авалт зохион байгуулагддаг Стокгольм хот, амьд организмын ангиллын тогтолцооны үндэс суурийг тавьсан эрдэмтэн Карл фон Линнейн "Systema Naturae" (1735) бүтээл, хүн бүр байгальд чөлөөтэй аялж, амарч болох эрхийг тунхагласан Allemansrätt” соёл, нярай хүүхэдтэй эцэг эхэд амралт олгодог тогтолцоо (1974), эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог дэмжсэн гэр бүлийн хосуудад өөр өөр татвар ногдуулах тогтолцоо (1971), дэлхийн хамгийн том холын зайн гүйлтийн цанын уралдаан болдог Васалоппет” наадам, уламжлалт задгай зуух Kakelugn” зэрэг орсон уг жагсаалтыг ерөнхий сайд Ульф Кристерссон талархан дэмжиж ндэсний соёлоо ойлгох нь швед хүн бүрийн хувьд эрхэм зүйл юм” гэжээ.

   Харин дэлхий даяар алдар цуугаа дуурсгасан АВВА хамтлаг энэ жагсаалтад багтсангүй. Учир нь сонгон шалгаруулалтын комисс 50-иас доошгүй жилийн настай өвийг хамруулсан тул хэт орчин үеийн бүтээлийг хассан гэдгээ мэдэгджээ. Гэвч парламентын гишүүн Ян Эрикссон "ABBA бол олон улсын хэмжээнд Шведийн соёлын хамгийн чухал бэлгэдлийн нэг болсон хамтлаг. Тэд 1972 онд байгуулагдаж, 1974 онд Eurovision дууны тэмцээнд түрүүлж, 1975 онд "SOS", "Mamma Mia" зэрэг дуунуудыг багтаасан цомог гаргасан. Үүнийг орхигдуулсан явдлыг үнэхээр ойлгохгүй байна” хэмээн шүүмжилжээ. Цаашлаад энэхүү 100 бүтээлийг дунд сургуулийн хөтөлбөрт оруулж, хүүхэд багачуудад заах ёстой гэж үзэж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.