Ирланд: Хөшөөг жуулчдаас хамгаалах хөдөлгөөн өрнөжээ
Ирландын нийслэл Даблин хотын дурсгалт газруудын нэг болох Молли Мэлоуны хөшөөг жуулчдаас хамгаалах ажил өрнөж байна. "Daily Mail" сонины мэдээлснээр, хотын захиргаа хөшөөг хамгаалах үүднээс эргэн тойронд нь цэцгийн мандал байгуулах талаар хэлэлцэж байгаа аж. Хотын гудамжинд загас худалддаг байсан Молли Мэлоун охины дурсгалд зориулж 1988 онд босгосон уг хөшөө нь Британийн колоничлолын үеийн Ирландын ажилчин ангийн эмгэнэлт амьдралын бэлгэдэл болдог ажээ. Жуулчны хөтөч нар хөшөөний цээжин хэсэгт хүрвэл аз тохиодог, мөн дахин Даблин хотод эргэж ирдэг гэсэн тайлбар хийснээс болж жуулчид энд олноор ирж, хөшөөний хөхөн дээр гараа тавин зургаа авхуулдаг заншил тогтжээ. Үүний улмаас хөшөөний цээж, хөхний хэсэг элэгдэн будаг нь халцарч өнгөө алдсанаас болж хотын оршин суугчид хөшөөг хамгаалах арга хэмжээ авахыг хотын захиргаанаас шаардсан байна. Хотын захиргаа хөшөөг илүү өндөрт байрлуулах, эсвэл дэргэд нь хамгаалагч ажиллуулах зэрэг санал гаргасан ч эцэст нь тойруулж цэцгийн мандал байгуулах шийдвэр гаргажээ. Үүнтэй төстэй явдал Италид болж байв. "Ромео Жульетта" бүтээлийн дүр Жульеттагийн Верона хотод байдаг хөшөөг хүмүүс ийм маягаар сүйтгэх болжээ. Хөшөөнд хүрвэл хайрын бурхан ивээдэг гэсэн цуу ярианаас болж хотын иргэд төдийгүй гадаадын жуулчид хөшөөний цээжин хэсгийг илэх, гараа тавьж зургаа авхуулах зэргээр гэмтээх болсон тул эдүгээ нүүлгэн шилжүүлэх талаар хэлэлцэж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







