Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөх хөдөлгөөнд Бельги улс нэгдэнэ

Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөх хөдөлгөөнд Бельги улс нэгдэнэ


   Бельги улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар Палестиныг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрөх хөдөлгөөнд нэгдэнэ гэдгээ илэрхийлэв. Тус улсын Гадаад хэргийн сайд Максим Превост X (хуучнаар Твиттер) хуудсандаа энэ тухай мэдээлж, улмаар "Хоёр улс зэрэгцэн орших шийдэл"-ийг тодорхойлсон Нью-Йоркийн тунхаглалд нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Хоёр улс зэрэгцэн орших шийдэл гэдэг нь 1967 онд Израиль улс Палестиныг эзэлсэн Ойрхи Дорнодын дайны өмнө тогтоосон хилээр тулгуурлан, Израиль, Палестин улсуудыг тус тусад байгуулж, энх тайвнаар зэрэгцэн оршдог байхаар тусгасан баримт бичиг юм. Өнгөрсөн долдугаар сард Франц, Саудын Араб зэрэг 15 улс Нью-Йорк хотноо сайд нарын уулзалт хийж, хоёр улс энхтайвнаар зэрэгцэн орших шийдлийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж, хамтарсан тунхаг гаргасан. Сайд М.Превост Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан шалтгааныг тайлбарлахдаа "Палестин, ялангуяа Газын зурваст болж буй эмгэнэлт явдал, олон улсын хууль тогтоомжийг зөрчин Израилийн үйлдсэн хүчирхийлэл зэргийг харгалзан үзээд Бельги улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, геноцид үйлдэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, Израилийн засгийн газар болон ХАМАС бүлэглэлийн алан хядагчдад хүчтэй шахалт үзүүлэх шаардлагатай болсон” гэжээ. Улмаар Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрсөн явдал нь Израилийн колоничлолын хөтөлбөр, цэргийн эзлэн түрэмгийллээр дамжуулан газар нутгаа тэлэх санааг буруушааж буй улс төр, дипломатын дохио гэдгийг онцолжээ. Гэхдээ ХАМАС бүлэглэл барьцаалагдсан хүмүүсийг суллаж, Палестиныг дарангуйлах бодлогоосоо татгалзсаны  дараа л шийдвэрийг албан ёсны болгох хааны зарлиг гарна гэдгийг онцлон хэлэв. Палестины эрх баригчдын мэдээлснээр НҮБ-ын гишүүн 193 улсын 148 нь Палестиныг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрдөг аж. Үүн дээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Палестиныг хүлээн зөвшөөрөхөө аль хэдийн мэдэгдсэн Франц, Австрали улсыг нэмбэл 150 орон, Бельгийг оруулаад 151 орон болж байна. Мөн Их Британи, Канад улс Палестиныг хүлээн зөвшөөрөх хөдөлгөөнд нэгдэх дохио үзүүлж, Шинэ Зеланд ч мөн ийм алхам хийхээр төлөвлөж байна. Дани улс мөн Палестиныг хүлээн зөвшөөрөхийг зарчмын хувьд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.