Их Британи: Нутгийн иргэд цагаачдын эсрэг тэмцэл өрнүүлсээр байна

Их Британи: Нутгийн иргэд цагаачдын эсрэг тэмцэл өрнүүлсээр байна


   Их Британийн засгийн газраас цагаачдыг орон нутгийн зочид буудлуудад байршуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотой маргаан нэмэгдсээр байна. Энэ талаар “The Washington Post” сонин мэдээлэхдээ "Их Британид олон мянган цагаачдыг зочид буудалд байрлуулах засгийн газрын бодлоготой холбоотойгоор улс төрийн ширүүн маргаан өрнөж байна" гээд цагаачлалын талаар өргөн хүрээтэй мэтгэлцээний дунд эсэргүүцлийн жагсаал, цуглаан, хуулийн тэмцэл, шүүхийн шийдвэр үүнийг улам өдөөж байгааг онцолсон байна. Өмнө нь орон нутгийн захиргаа Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж цагаачдыг зочид буудлуудаас албадан нүүлгэх хүсэлт гарган шүүхэд хандсан байна. Лондоны Дээд шүүх цагаачдыг албадан нүүлгэн шилжүүлэх эцсийн хугацааг есдүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тогтоосон боловч давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгожээ. Тус улс 2020 онд COVID-19 цар тахлын үед хурдацтай нэмэгдэх болсон цагаачдыг зочид буудлуудад байрлуулж эхэлсэн юм. Дотоод хэргийн яамны мэдээлснээр, зургаадугаар сарын байдлаар орон даяар 32 мянга гаруй цагаач 200 орчим зочид буудалд амьдарч байгаа бөгөөд цаашид энэ тоо улам нэмэгдэх төлөвтэй байгааг онцолжээ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш улс орон даяар цагаачдын эсрэг жагсаал цуглаан өрнөх болсон байна. Шүүхийн шийдвэрийн дараа орон нутгийн зөвлөлөөс мэдэгдэл гаргаж, маш их урам хугарсан гэдгээ онцлоод ирэх аравдугаар сард Дээд шүүх үндсэн хэргийг хэлэлцэх үед нутгийн оршин суугчдын эсэргүүцэл илүү ширүүснэ гэдгийг анхааруулжээ. Зарим улстөрчид ч үүнд нэгдэж буй бөгөөд Шинэчлэл намын тэргүүн Найжел Фараж цагаачид британи иргэдээс илүү эрхтэй байгааг шүүмжилсэн байна. Харин Засгийн газар зочид буудлуудыг дүрвэгсдийн байр болгон ашиглаж буй бодлогоо 2029 он гэхэд зогсооно гэж мэдэгджээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.