Шотланд: Ах дүү гурав Номхон далайг сэлүүрт завиар туулж дээд амжилт тогтоов

Шотланд: Ах дүү гурав Номхон далайг сэлүүрт завиар туулж дээд амжилт тогтоов


   Шотландын иргэн, ах дүү гурван эр сэлүүрт завьтайгаар 140 хоногийн хугацаанд Номхон далайг гаталж дэлхийн дээд амжилт тогтоожээ. Ах дүү Эван, Жэйми, Лаклан Маклин нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд Перугийн Лима хотоос хөдөлж, ​Австралийн умард нутгийн Кэрнз хот хүртэл 14 мянга гаруй км замыг сэлүүрт завиар туулсан байна. Тэднийг Кэрнз хотод ирэхэд ээж нь болон ах дүү, найз нөхөд нийлсэн 50 гаруй хүн халуун дотноор угтан авчээ. Тэд далайд гарснаас хойш 139 хоног, 5 цаг, 52 минутын дараа эх газарт хөл тавьсан байна. ВВС агентлаг энэ талаар мэдээлэхдээ “Тэд 2014 онд Оросын аялагч Фёдор Конюховын тогтоосон 162 хоногийн амжилтыг шинэчлэн тогтоолоо” гэжээ. Завин дээр хийсэн дүрс бичлэгт том ах, 33 настай Эван нь эх газар ойртож байгаад сэтгэл хөдлөн "Пицца, шар айраг байгаа биз дээ?" хэмээн баяр хөөр дүүрэн хашгирч байгаа нь бичигджээ. Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс хойшх бидний амьдрал энэ завин дээр өнгөрлөө. Зогсолтгүй сэлүүрдэх, давчуухан завин дээр нойр авах, цэвэрлэгээ хийх, хооллох, завиныхаа эвдэрч гэмтсэнийг засаж янзлах зэргээр завсар зайгүй ажилласаар ирлээ” гэсэн байна. Тэд энэ аяллаараа 1.64 сая долларын хандив цуглуулсан бөгөөд энэ мөнгийг өөрсдийн үүсгэн байгуулсан “Маклин” сангаар дамжуулан Мадагаскарын 40 мянга гаруй иргэнийг ундны цэвэр усаар хангах төсөлд зарцуулах аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.