Хятад: Шанхай хотод робот такси үйлчилж эхэлжээ

Хятад: Шанхай хотод робот такси үйлчилж эхэлжээ


   Хятадын робот такси үйлдвэрлэгч нэгэн компани Шанхай хотын тодорхой хэсэгт үйлчилгээ үзүүлж эхэлжээ. "China Daily" сонины мэдээлснээр, Шанхайн Пудонг олон улсын нисэх онгоцны буудал болон Диснейлэндийн хооронд жолоочгүй робот таксины үйлчилгээ нэвтэрсэн байна. Авто машин үйлдвэрлэгч “SAIC Motors”-ын охин компани болох “IM Motors” компанийн эхлүүлсэн уг үйлчилгээ Шанхай хотын олон улсын аялал жуулчлалын гол цэгүүдийн хооронд ойрын зайн тээвэрлэлт хийж байна. Зорчигчид “Shandao Chuxing” программыг ашиглан уг үйлчилгээг авах ёстой бөгөөд Пудонг нисэх буудлаас Шанхайн Диснейлэнд хүртэл явахад ойролцоогоор 30 минут зарцуулна. Гэхдээ энэ маршрутад хурдны зам багтсан тул жолоочийн суудалд аюулгүй байдлын менежер сууна. Онцгой нөхцөл үүссэн тохиолдолд робот таксины бие даасан жолоодлогын функц идэвхгүй болж, менежер жолоодлогыг гартаа авах ажээ. Робот такси одоогоор туршилтын шатандаа байгаа тул үнэ төлбөргүй үйлчилж байна. Шанхай хотын эрх баригчид өнгөрсөн сарын сүүлээр болсон Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал (WAIC) дээр ухаалаг такси, ухаалаг ачааны машиныг хамруулсан ухаалаг тээврийн хэрэгслийн (ICVs) туршилтын үйл ажиллагааны зөвшөөрлийг авснаа зарласан юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.