ОХУ дотооддоо бүтээсэн мессэжийн программыг ашиглана
ОХУ-ын төрийн мэдлийн компанийн зохион бүтээсэн "Макс" мессэжийн программыг ирэх сараас эхлэн бүх ухаалаг утас, таблет дээр суулгахыг Засгийн газраас үүрэг болгосон тухай ТАСС агентлаг мэдээлэв. Ерөнхий сайд Михаил Мишустин ирэх сараас эхлэн бүх төхөөрөмжид тус программыг суулгах тушаалд гарын үсэг зурсан байна. "Макс" нь "WhatsApp", "Telegram" зэрэг Барууны мессэжийн программуудтай өрсөлдөх зорилгоор Засгийн газраас хөгжүүлсэн төрийн үйлчилгээ бөгөөд ерөнхийлөгч В.Путин холбогдох хуулийн төслийг өнгөрсөн зургаадугаар сард баталсан. Мэдээлийн аюулгүй байдал, тав тухтай харилцаа холбоо, үйлчилгээг үзүүлэхийн тулд уг программыг мөн төрийн дижитал үйлчилгээтэй холбохоор төлөвлөж байна. Өнгөрсөн 14-ний өдөр Оросын Засгийн газар "WhatsApp" болон "Telegram" дээр дуудлага хийх зарим функцийг хязгаарласан бөгөөд эдгээр үйлчилгээ нь залилангийн болон терроризмын эрсдэлтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн ч зарим шинжээч үүнийг "Макс" программыг нийтээр ашиглахыг дэмжих урьдчилсан арга хэмжээ гэж үзэж байна. Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх ухаалаг зурагтад дотоодын "Лайм HD" программыг суулгах бөгөөд ингэснээр хэрэглэгчид төр засгийн мэдээллийг шууд үзэх боломжтой болно гэж Засгийн газар мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







