Дэлхийн хамгийн найрсаг бус орноор Францыг нэрлэв
Олон улсын аялагчдын санал сэтгэгдлээр дэлхийн хамгийн найрсаг бус улс орнуудын жагсаалтыг гаргажээ. Америкийн “Yahoo” компани олон нийтийн сүлжээгээр нийтэлсэн аялагчдын сэтгэгдэлд үндэслэн гаргасан уг жагсаалтыг Франц тэргүүлсэн байна. Францад аялсан аялагчид тус улсын рестораны ажилтнууд болон гудамжны худалдаачидтай харилцсан туршлагаасаа хуваалцсан бөгөөд ялангуяа Парисын оршин суугчдад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Үүнд "Англиар ярихад огт тоохгүй, сонсоогүй мэт дүр эсгэдэг", "Зам асуухад францаар хазгай мурий ярьж байгааг минь шүүмжлээд зам зааж өгөөгүй", “Зарим үйлчилгээний ажилтан хүнийг эрээ цээргүй загнаж хашхичсан” гэх мэт гомдол зонхилжээ. Гэвч зарим хүн “Парис бол Франц биш” гэдгийг онцолж, Парисаас өөр газрын хүмүүс найрсаг болохыг хэлсэн байна. Жагсаалтын хоёрдугаар Марокко улс орсон бөгөөд аялагчид "Хүүхдүүд жуулчны автобусыг чулуугаар нүүлгэж байсан”, "Гудамжны худалдагчид маш түрэмгий, уцаартай байсан" гэжээ. Харин гуравдугаарт Орос улс орсон байна. Аялагчдын олонх нь оросуудыг эелдэг бус, түрэмгий гэсэн бөгөөд нэгэн аялагч "Гудамжинд инээж болохгүй, учир нь та сэжигтэй харагдана гэсэн" гэжээ. Дөрөвдүгээрт орсон Хятад улсын иргэдийг гаднын хүмүүст таагүй ханддаг гэсэн бол тавдугаарт жагссан Турк улсын иргэдийг хүйтэн хөндий, ресторанд захиалга авч буй үйлчлэгч бараг дуугардаггүй гэсэн байна. Удаах байруудад АНУ, Их Британи, Испани, Итали, Эстони улс оржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







