В.Путин, В.Зеленский нарын уулзалт хаана болох вэ?

В.Путин, В.Зеленский нарын уулзалт хаана болох вэ?


   ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Украины ерөнхийлөгч В.Зеленский нарын уулзалт хаана болох талаар дэлхийн хэвлэлүүд янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Одоогоор Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) В.Путиныг баривчлах тушаал гаргаж, түүний хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр буй. Гэсэн хэдий ч Швейцар, Австри зэрэг төвийг сахисан зуучлагч орнууд баривчлахгүй гэдгээ амлаж, дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахыг чармайж байна. Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Украинтай таагүй харилцаатай Унгар улсад уг уулзалтыг хийхээр шахалт үзүүлж байгаа бололтой. Америкийн “The Politico” сонин "Цагаан ордон Унгарын нийслэл Будапештийг АНУ, Орос, Украины гурван талт дээд хэмжээний уулзалт хийх газар гэж үзэж байна" хэмээн мэдээлсэн бөгөөд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт үүнийг үгүйсгээгүй юм. Үүнээс өмнө В.Путин Москваг санал болгож байсан бол Францын ерөнхийлөгч Э.Макрон Швейцарын Женев хотыг нэр дэвшүүлсэн юм. Тэгвэл АНУ-ын нууц алба Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны танхимтай аюулгүй байдлын асуудлыг аль хэдийн зохицуулж эхэлсэн гэх мэдээлэл ч байна. Нөгөө талаар төвийг сахисан байр суурьтай Швейцар, Австри хоёр улс уулзалтыг зохион байгуулахыг эрмэлзэж буй бөгөөд тус хоёр орон ОУЭШ–ийн гишүүн хэдий ч В.Путиныг баривчлахгүй гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал Швейцар саяхан журамдаа өөрчлөлт оруулж, хэрэв В.Путин хувийн бус дипломат айлчлал хийвэл түүнийг баривчлах Олон улсын эрүүгийн шүүхийн тушаалыг биелүүлэхээс татгалзана гэдгээ мэдэгдсэн юм. Австрийн ерөнхий сайд Кристиан Стокер мөн ийм утгатай мэдэгдэл хийсэн. Мөн Ромын хамба лам XIV Леогийн санал болгосон Ватиканы асуудал яригдаж байна. Харин В.Путины хувьд ихэнх улс орнууд нь ОУЭШ-ийн гишүүн болсон Европоос өөр газрыг илүүд үзэх нь дамжиггүй. Түүнд Турк эсвэл Ойрхи Дорнодын зуучлагч Катар илүү аюулгүй сонголт байж магадгүй гэж NBC телевиз мэдээлэв.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.