Билл Гейтс хиймэл оюунаар Альцхеймерийн өвчнийг эмчлэх уралдаан зарлав

Билл Гейтс хиймэл оюунаар Альцхеймерийн өвчнийг эмчлэх уралдаан зарлав


   “Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтс хиймэл оюун ухаан (AI) ашиглан шинэлэг шийдлийг олж, анагаах ухааны тулгамдсан асуудал болох Альцхеймерийн өвчнийг эмчлэх уралдааныг зарласан байна. Ялагчийн шагналын сан 1 сая доллар байх аж. Их Британийн “Financial Times” сонины мэдээлснээр, тэрбээр 19-ний өдрөөс эхлэн дэлхийн эрдэмтэн судлаачдын дунд "Альцхеймерийн өвчний талаарх AI" тэмцээнийг эхлүүлж байгаагаа зарлажээ. Оролцогчид Альцхеймерийн одоо байгаа өгөгдөл дээр үндэслэн бие даан төлөвлөх, үндэслэл гаргах, шийдэл олох чадвартай хиймэл оюун ухааны хөтөлбөрийг хөгжүүлэх явдал юм. Шалгарсан хөтөлбөрийг “Alzheimer's Data Initiative” сүлжээн дээр үнэ төлбөргүй байршуулж, дэлхийн эрдэмтдэд хүргэнэ. Нэг сая долларын шагналыг Билл Гейтсийн тэргүүлдэг “Gates Ventures” компани олгоно. Энэ уралдаан нь хүн төрөлхтний хамгийн сүүлийн үеийн сорилтуудын нэг, сэтгэцийн хомсдолын хамгийн түгээмэл хэлбэр болох Альцхеймерийн өвчний судалгааны олон арван жилийн хуримтлуулсан мэдээлэлд тулгуурлан шинэ шийдэл олж чадах эсэхэд чиглэнэ. Судалгаагаар Альцхеймерийн эмгэгтэй өвчтөнүүдийн нийт тоо 55 сая байгаа бөгөөд хүн амын хөгшрөлтийн улмаас 2050 он гэхэд энэ тоо гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Энэхүү санаачилга нь Цахиурын хөндийд хөгжүүлж буй, эдгэшгүй өвчнийг хиймэл оюун ухаанаар эмчлэх оролдлоготой ижил зорилготой юм. Өнгөрсөн жил химийн салбарын Нобелийн шагналыг “Google AI DeepMind”-ийг үүсгэн байгуулагч Демис Хассабис зэрэг гурван хүнд олгосон билээ. Д.Хассабис бол "AlphaGo" хөтөлбөрийн үндэслэгч, уургийн бүтцийг тодорхойлдог "AlphaFold" хиймэл оюун ухааны загварыг хөгжүүлэгч юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.