Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Монголд болно

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Монголд болно


   Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг энэ сарын 25-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тиймээс “Урам зориг өгөх - нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” уриатай уг чуулга уулзалтыг танилцуулах хэвлэлийн бага хурлыг Гадаад харилцааны яам зохион байгууллаа.

   Эмэгтэйчүүдийн эдийн засаг, бизнес дэх оролцоо, манлайллыг дэмжих зорилготой тус чуулга уулзалтад 26 улс, олон улсын байгууллагын 219 зочин төлөөлөгч ирж оролцох ажээ. Тухайлбал, Хятад, Өмнөд Солонгос, Узбекистан, Польш, Вьетнам, ОХУ-аас хамгийн олон төлөөлөл оролцоно. Чуулга уулзалтын үеэр эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэх, манлайллыг төлөвшүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүү, хөрөнгө оруулалтын хүртээмж, дижитал өөрчлөлт ба инновац, ногоон хүртээмжтэй эдийн засгийг цогцлооход бизнес эрхлэгчдийн үүрэг оролцоо, дижитал эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих сан зэрэг зургаан салбар хурал болох юм. Мөн Д.Сүхбаатарын талбайд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилготой үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Наймдугаар сарын 24, 25-нд болох уг үзэсгэлэн худалдаа олон нийтэд нээлттэй бөгөөд 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч оролцохоор бүртгүүлжээ. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр МҮХАҮТ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул "Манай байгууллага Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн худалдааны төвөөс нэг сая долларын буцалтгүй тусламж авч, шинэ платформ эхлүүлэхээр болсон" хэмээв. Тус платформоор дамжуулан гарааны компани байгуулж буй эмэгтэйчүүдэд тэтгэлэг олгох аж.

   Энэ чуулга уулзалт нь Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн эрх, тэгш байдал, манлайллыг дэмжсэн дөрөв дэх удаагийн олон улсын томоохон арга хэмжээ болж байна. Улаанбаатар хотноо өмнө нь “Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал”, Дэлхийн эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалт, “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум”-ыг хийсэн билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.