Сингапур: Электрон тамхи татвал хорих ялаар шийтгэнэ

Сингапур: Электрон тамхи татвал хорих ялаар шийтгэнэ


   Сингапур улс электрон тамхи хэрэглэсэн хүмүүст хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэг үйлдсэнтэй дүйцэхүйц шийтгэл оноохоор болжээ. Тус улсын ерөнхий сайд Лоуренс Вонг өнгөрсөн 17-ны өдөр “Bloomberg” агентлагт өгсөн ярилцлагадаа "Өнөөг хүртэл бид электрон тамхийг утаат тамхитай адилаар үзэж, зөвхөн торгууль ногдуулдаг байсан. Гэтэл энэ нь хангалттай биш байна. Тиймээс үүнийг хар тамхины асуудал гэж үзэж, илүү хатуу шийтгэл ногдуулна" хэмээн мэдэгджээ. Ерөнхий сайдын хэлснээр, эрүүл мэндийн албаныхны хураан авсан электрон тамхины гуравны нэгд нь мэдээ алдуулах үйлчилгээтэй этомидат (etomidate) илэрсэн тул ийнхүү шийтгэлийг чангатгахаар болсон байна. Этомидатыг эмнэлгүүдэд тайвшруулах зорилгоор хэрэглэдэг боловч буруугаар хэрэглэвэл донтох, хий юм харах зэрэг сөрөг нөлөөтэй ажээ. Мөн түүнээс гадна эрх баригчид Мансууруулах бодисыг зүй бусаар ашиглах тухай хуулийн дагуу этомидатыг хууль бус эмийн ангилалд оруулахаар ажиллаж байна. Шинэ журмын дагуу этомидат агуулсан электрон тамхи хэрэглэсэн этгээд кокаин зэрэг мансууруулах бодис хэрэглэсэнтэй адил шийтгэл хүлээх болж байгаа юм. Энэ хэргийг үйлдсэн хүнд сэтгэцийн эмчилгээ хийх бөгөөд давтан үйлдсэн тохиолдолд доод тал нь нэг жилийн хорих ял онооно. Энэ ажлын хүрээнд электрон тамхинд донтсон хүмүүст сэтгэцийн эмчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаагаа ерөнхий сайд онцолсон байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.