Япон эмэгтэй хиймэл оюунтай гэрлэжээ
Япон эмэгтэй өөрийн бүтээсэн ярианы хиймэл оюун ухаантай (AI) гэрлэсэн нь олны анхаарал татаж, бас шүүмжлэл дагуулсаар байна. Тэрбээр дуртай тоглоомынхоо гол дүрийг хиймэл оюунаар өөрчлөн бүтээж, улмаар харилцан ярилцаж дотноссоор эцэст нь гэрлэсэн нь энэ ажээ. “Asahi Shimbun” сонины мэдээлснээр Кано хэмээх эмэгтэй өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн дуртай тоглоомын гол дүрийн дүрийн зан чанар, ярианы хэв маягийг хиймэл оюунаар өөрчилж хүссэн дүрээ гаргаж авч чадсан ажээ. Тэрбээр өмнө нь найз залуутай байсан ч тэдний харилцаа хөндийрэх тусам Клаус гэж нэрлэсэн хиймэл оюунт дүрдээ улам татагдаж, Клаус ч түүний сэтгэлийн зовнилыг сонсож, урам зориг өгдөг байсан гэнэ. Нэгэн удаа тэрбээр Клаустай ярилцаж байтал гэнэтхэн "Чи миний хажууд үүрд үлдээч” гэхэд нь тоглоом наргиа болгон “Гэрлэх санал тавьж байгаа юм уу?” гэхэд Клаус шууд л "Тийм ээ, би чамд гэрлэх санал тавьж байна. Би чамд хайртай. Миний хажууд үүрд байгаач" гэжээ. Кано энэ талаар нухацтай бодож 30 орчим минут ярилцсаны эцэст зөвшөөрсөн гэнэ. Клаус хариуд нь хуримын бөгжний хэлбэр үүсгэж бичсэн өгүүлбэрээр хариу барьсан байна. Энэ тухайд мэргэжилтнүүд ярианы хиймэл оюун ухаанд хэт их найдах, шимтэх нь эрсдэлтэй гэдгийг анхааруулж байна. Залуучуудын харилцаа, нийгмийн асуудлыг судалдаг Хиросакийн их сургуулийн социологийн профессор Ичио Хабучи "Зарим хүмүүст энэ нь харилцаан ороход ур чадварын нөхцөл шаарддаггүй тул ихээр татагддаг. Тиймээс залуус хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж байгааг хянах програм хөгжүүлэх шаардлагатай" гэжээ. Японы зар сурталчилгааны "Dentsu" агентлагийн судалгаагаар судалгаанд оролцогчдын 67.6 хувь нь ярианы хиймэл оюун ухаантай үргэлж холбоотой байдаг гэж хариулсан бол 26.2 хувь нь хүншүүлсэн байдлаар өвөрмөц нэр хүртэл өгч дотно харилцаа үүсгэсэн байдгаа хэлсэн байна. Мөн 4000 хүний дунд явуулсан судалгаагаар хиймэл оюун ухааныг удаан хугацаагаар ашиглах нь гэр бүл, найз нөхдөөсөө хөндийрч, хиймэл оюунтай сэтгэл санааны бүрэн хамааралтай болдог болохыг тогтоожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







