АНУ: Хамгаалагчтайгаа улсын мөнгөөр зугаалсан хэрэгт хотын дарга эмэгтэйг  буруутгав

АНУ: Хамгаалагчтайгаа улсын мөнгөөр зугаалсан хэрэгт хотын дарга эмэгтэйг буруутгав


   АНУ-ын Нью Орлеанз хотын анхны хар арьст эмэгтэй дарга, эдүгээ 53 настай ЛаТоя Кантреллийг хамгаалалтын албаны ажилтантай хамтдаа аялахдаа 70 мянган доллар зарцуулсан гэх хэргээр буруутгаж байна. Тэрбээр томилолтоор ажиллахдаа аюулгүй байдлын үүднээс хамгаалалтын албаны нэгэн ажилтныг байнга дагуулан явж, үүндээ хотын төсвийн мөнгийг зарцуулдаг байсан бөгөөд Калифорниа дахь дарсны үйлдвэр, Массачусетс муж дахь Марта Виниардс хэмээх тансаг амралтын газар руу олон удаа аялсан аж. Тус хотын 300 жилийн түүхэнд хотын дарга анх удаа санхүүгийн асуудлаар Холбооны эрүүгийн шүүхэд дуудагдаж байгаа болохыг “The Washington Post” сонин онцолжээ. Калифорниа мужийн Комптон хотын уугуул Л.Кантрелл 1990-ээд онд Нью Орлеанз дахь Луизиана Ксавьерийн их сургуульд социологийн чиглэлээр суралцаж төгсөөд 2012-2018 онд хотын иргэдийн хурлын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2018 оны тавдугаар сард тус хотын анхны хар арьст эмэгтэй даргаар сонгогдсон юм. Тэрбээр хамгаалалтын ажилтан К.Барфитай хамт улсын зардлаар Шотланд зэрэг улс руу аялж байсан бөгөөд прокурорууд тэдний хооронд “WhatsApp” сүлжээгээр олон зуун яриа өрнөсөн болохыг онцолж байна. Хотын дарга мөн ихэнх цагаа К.Барфитай хамт хувийн байрандаа өнгөрөөдөг байсан бөгөөд олон удаагийн аялалдаа зөвхөн К.Барфид 70 мянга гаруй доллар зарцуулсан болохыг тогтоосон байна. Улмаар тэднийг “WhatsApp” сүлжээн дэх ярианы бичлэгээ устгахыг оролдсон, Холбооны мөрдөх товчооны ажилтнуудад худал мэдүүлэг өгсөн гэх хэргээр буруутгаж байгаа юм. Энэ талаар хотын дарга  ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.