АНУ: Насан туршийн алдрын шагналтнаар хэн хэн тодров?
Холливүүдийн тулаант киноны од, жүжигчин Сильвестер Сталлоне АНУ-ын соёл урлагийн төв байгууллага болох Жон Ф.Кеннедигийн нэрэмжит урлагийн төвийн энэ жилийн алдартнаар шалгарчээ. Мөн тус шагналыг "I Will Survive" диско бүжгийн дуугаараа алдартай хар арьст дуучин Глория Гэйнор болон KISS метал рок хамтлаг, кантри хөгжмийн мастер Жорж Страйт, Их Британийн жүжигчин Майкл Кроуфорд нар хүртсэн байна. 1971 онд анхлан байгуулагдсан Жон Ф.Кеннедигийн нэрэмжит урлагийн төв нь жил бүр урлаг, соёлын тэргүүлэх зүтгэлтнүүдийг шалгаруулж Насан туршийн алдрын шагналаар шагнадаг уламжлалтай юм. Энэхүү нэр хүндтэй шагнал гардуулах ёслолд ерөнхийлөгч, тэргүүн хатагтай зэрэг улс орны алдар цуутай хүмүүс урилгаар оролцдог. Жүжигчин С.Сталлоне бол Д.Трампын тууштай дэмжигч, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сонгуулийн дараа ерөнхийлөгчтэй хамт нэгэн арга хэмжээнд оролцож, "Д.Трамп бол энэ цагийн Жорж Вашингтон. Тэр бол домогт хүн" хэмээн магтаж байсан юм. Харин KISS хамтлагийн гоцлол дуучин Жен Симмонс 2008 онд Д.Трампын продюсер хийж, голлон оролцсон "The Apprentice" реалити шоуны гол дүрийн гишүүн байсан юм. Глория Гэйнорын тухайд Д.Трамп түүний "I Will Survive" дууны талаар "Энэ бол үнэхээр гайхалтай дуу. Сонсох болгонд сэтгэл санаа сэргэдэг” хэмээн магтаж байсан юм. Дээрх алдартнуудын сонгон шалгаруулалтад Д.Трамп биечлэн оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч, "Би хэт либерал үзэлтнүүдийг хассан" хэмээн илэн далангүй хэлжээ. Үүнийг зарим шинжээчид Д.Трамп Кеннеди төвийг дэвшилтэт үзэлтнүүдийн эсрэг хийж буй соёлын дайны гол гүүр болгож байна хэмээн шүүмжилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







