“Mongolz” баг Туркийн “Aurorа” багийг хожлоо
Мальта улсад болж буй “Counter Strike” тоглоомын “BLAST Bounty” тэмцээний хоёрдугаар улирлын шөвгийн наймын тоглолт Монголын цагаар өнгөрөгч шөнө болж “Mongolz” баг Туркийн “Aurorа” багийг хожлоо. Тэмцээнд доод шатны багууд чансаа өндөр багуудыг амлан авч тоглож байгаа буюу Туркийн баг монголчуудыг амлан авч тоглож хожигдсоноор тэмцээнээс хасагдаж байна. Монголчууд тэднийг эхний шатанд 13:11, хоёрдугаар шатанд 16:13 онооны харьцаатай хожсон юм. Ялангуяа хоёрдугаар шатны эхний 11 тоглолтод “Mongolz” дараалан хожигдсон ч туркуудыг гүйцэн түрүүлж хожив. Тус тэмцээн нь 500 мянган долларын шагналын сантай, “Counter Strike” тоглоомын S-Tier буюу дээд түвшний тэмцээн юм. Харин “Aurora” багийнхан “Youtube” дэх сувагтаа оруулсан бичлэгтээ “Mongolz” багийг B-tier буюу дунд түвшний багуудын нэг гэж нэрлэснийхээ дараа тэдэнд ийнхүү хожигдлоо. Монголын багийн ахлагч Blitz буюу Б.Гарьдмагнай тэмцээний дараа "Instagram" хаягтаа "B-tier баг шилдэг дөрөвт шалгарлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Өмнө нь тус хоёр баг 18 удаа таарч тоглоход "Mongolz" 11 хожсон түүхтэй.
“Mongolz” багийн дараагийн тоглолт наймдугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө болно. Шөвгийн наймд шалгарсан багуудын тоглолт дуусаагүй байгаа тул аль багтай учраа таарах нь тодорхой болоогүй байна.
Гэрэл зургийн эх сурвалж: HLTV
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







