Нигер: Онгоцны үйлчлэгчийн биед халдсан зорчигчид ямар арга хэмжээ авав?
Гар утсаа унтраахыг зорчигчоос хүссэн онгоцны үйлчлэгчийн биед халдсан этгээдийг тус компанийн онгоцоор үйлчлүүлэх эрхийг бүх насаар нь хасжээ. Их Британийн “Daily Mail” сонины мэдээлснээр уг явдал өнгөрсөн 10-ны өдөр Нигер улсын хот хооронд нислэг үйлдэж байсан “Ibom Air” компанийн онгоцонд болсон байна. Онгоц хөөрөх зурвас руу чиглэхэд онгоцны үйлчлэгч зорчигчдод хандан гар утсаа унтраахыг хүссэнд нэгэн зорчигч эмэгтэй шаардлагыг биелүүлэхээс татгалзжээ. Онгоцны ахмад дахин шаардлага тавьсан ч зорчигч мөн л татгалзсан бөгөөд хажууд нь суусан өөр нэгэн зорчигч түүнийг утсыг авч унтраах үед чанга дуугаар хашхиран бусдыг хэл амаар доромжилжээ. Түүгээр үл барам онгоцны үйлчлэгчийн нүдний шилийг булаан авч шидэх, өмсөж явсан гутлаа тайлж үйлчлэгч рүү чулуудах, нүүр рүү нь удаа дараа цохих зэргээр эрээ цээргүй авирласан байна. Ингээд зогсохгүй, онгоцон дотор байрлуулсан гал унтраагуурыг авч хүмүүс рүү дайрахад нь түүнийг хүч хэрэглэн саатуулжээ. Улмаар нисэх буудлын хамгаалалтын албанд хүлээлгэн өгөх хүртэл хэл амаар доромжилсоор байсан бөгөөд уг этгээдийг даруй цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна. Харин “Ibom Air” компани мэдэгдэл гаргаж, танхай эмэгтэйн тус компанийн онгоцоор үйлчлүүлэх эрхийг бүх насаар нь хассан болохоо мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







