Их Британи: 66 жилийн өмнө Антарктидад осолдсон судлаачийн цогцсыг олжээ
Антарктидад судалгаа хийж яваад мөсөн ангал руу унаж осолдсон Их Британийн экспедицийн гишүүний шарилыг 66 жилийн дараа олж гэр бүлд нь хүргүүлжээ. BBC агентлагийн мэдээлснээр, энэ оны эхээр Антарктидаас олдсон цогцос нь 1959 оны долоодугаар сарын 26-нд осолдож амиа алдсан судлаач Деннис Тинк Беллийнх мөн болох нь батлагдсан гэж Их Британийн Антарктидын судалгааны хүрээлэн (BAS) мэдэгдэв. Цаг уур судлаач, 25 настай Д.Белл тус тивд хоёр жилийн томилолттой ажиллаж байсан байна. Осол болсон өдөр тэрбээр эх газраас 120 километрийн зайд орших Кинг Жорж арал дээр судалгаа хийж байгаад ангал руу унажээ. Багийнхан нь түүнийг олон өдөр хайсан боловч олж чадаагүй бөгөөд түүнээс хойш 60 гаруй жил өнгөрсөн байна. Харин энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр буюу 66 жилийн дараа тус арал дээр байрлаж байсан Польшийн экспедицийнхэн түүний цогцос, мөн бугуйн цаг, гар чийдэн зэрэг хувийн эд зүйлсийг олжээ. Их Британийн нисэх хүчний онгоц цогцсыг Лондон руу тээвэрлэж, судлаачид ДНК-ийн шинжилгээ хийсний дараа гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Австралид амьдардаг Д.Беллийн дүү Дэвид “Миний ах юуг ч хийж чадах баатар эр байсан” гэсэн бол BAS-ын захирал Жэйн Фрэнсис "Д.Белл бол Антарктидын эхэн үеийн хайгуул, судалгаанд онцгой хувь нэмэр оруулсан гавьяатан мөн" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







