"Lexus 700h" машин худалдан авсан солонгос иргэдийг Монголд аялуулжээ
Японы “Toyota Motor” компанийн “Lexus” загварын автомашиныг худалдаалдаг “Lexus Korea” компани хэрэглэгчдэдээ зориулан Монголд тансаг аялал зохион байгуулжээ. Аялалд 2025 оны шинэ загвар болох “Lexus 700h” автомашиныг худалдаж авсан хүмүүс хамрагдсан бөгөөд “Traveling to Mongolia with the LX” уриатайгаар манай улсад долоодугаар сарын 30-наас наймдугаар сарын 4-ны хооронд аялжээ. Энэ аялал нь “Lexus” загварын автомашин хэрэглэгчдийн тансаг амьдралын хэв маягийг сурталчлах “'Lexus Amazing Members” хөтөлбөрийн нэг хэсэг юм. Компани аяллын үеэр үйлчлүүлэгчдийнхээ авсан зураг, бичлэгийг сурталчилгаандаа ашигладаг бөгөөд энэ талаар тус компанийн албаны хүн "Хэрэглэгчдийнхээ тансаг амьдралаас санаа авсан ийм контентыг цаашид ч хийсээр байх болно" гэжээ. Гэхдээ аяллын төлбөрийг автомашин худалдан авагч өөрөө төлдөг. Мөн нэг хүн дагуулж явах эрхтэй. Ингэснээр ердөө гурван худалдан авагч хамтрагчтайгаа нийлээд зургуулаа аялдаг байна. Тэд Монголд ирээд “Shangri-La” зочид буудалд гурав хоног байрлаж Улаанбаатар хотоор аялсны дараа Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт очжээ. Ингэхдээ зөвхөн “Lexus” автомашинаар явж байсан юм. Гэхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийн дагуу солонгос иргэд жолоо барих боломжгүй. Иймд мэргэжлийн монгол жолооч машин барьж гол төлөв бартаат замаар явсан бөгөөд энэ нь “Lexus” автомашины хурд, хүчийг хэрэглэгчдэд мэдрүүлэх зорилготой байв. Аялагчид мөн нум сур харвах, морь унах зэргээр Монголын өв соёлтой танилцсаны зэрэгцээ алдартай тогооч нарын хийсэн монгол хоолыг зоогложээ. Энэ хөтөлбөрт мөн “Lexus” автомашинтай Монголын иргэд хамрагдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







