Хятад: Хүүхэд төрүүлдэг робот худалдаанд гаргана

Хятад: Хүүхэд төрүүлдэг робот худалдаанд гаргана


   Хятадын робот үйлдвэрлэгч нэгэн компани ойрын хугацаанд дэлхийн анхны “тээгч эх робот"-ыг зохион бүтээж худалдаанд гаргахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн нь шүүмжлэл, маргаан дагуулж байна. Сингапурын Наньян технологийн их сургуулийн докторын зэрэгтэй, Хятадын "Shenzhen Longgang Chuangban Kaiwa Robotics" компанийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Жан Жифэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээрх мэдэгдлийг хийжээ. Тээгч эхээс ялгаатай нь уг робот жирэмслэхээс эхлээд төрөх хүртэлх бүх үйлийг гүйцэтгэх ажээ. Захирал Жан энэ тухай тайлбарлахдаа "Манай багийн бүтээж буй тээгч эх робот нь хиймэл савны үүрэг гүйцэтгэх капсулыг хэвлийн хэсэгт байрлуулж, үр тогтох, жирэмслэх, төрөх хүртэлх үүргийг гүйцэтгэнэ” гэжээ. Энэ төсөл дээр 2-3 жил ажиллаж байгаа бөгөөд удахгүй Шэнжэн хотод туршилт хийж, нэг жилийн дотор анхны загвараа гаргахаар төлөвлөж байгаагаа тэрбээр дурдсан байна. Үнийн тухайд 100 мянган юаниас хэтрэхгүй гэнэ. 2014 онд Нанянь технологийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан Жан Жифэн нь 600 мянган юанийн цалинтай профессор багшийн ажлаа орхиж, роботын салбарт ур чадвараа сорьсноор ресторанд ажиллах хэд хэдэн робот бүтээсэн төдийгүй хувийн компани байгуулжээ.

   Харин мэргэжилтнүүд тээгч эх робот нь техникийн болон ёс зүйн олон сорилттой тулгарна гэдгийг онцолж байна. Эх барих эмэгтэйчүүдийн эмч Жан Лишуай "Хүүхэд тээж төрүүлэх нь зүгээр нэг хүүхэд гаргах үйл явц биш. Энэ нь эхийг эхэстэй, дараа нь урагтай холбодог цусны эргэлтийн нарийн төвөгтэй системээс бүрддэг. Орчин үеийн технологи хэдий дэвшилттэй ч энэ бүх үйл явцыг орлох бараг боломжгүй" гэсэн байна. Мөн Бээжингийн Жифу хуулийн фирмийн өмгөөлөгч Ли Сон "Робот нь хуулийн этгээд биш учраас жирэмсэн болон төрөх үед хүндрэл гарвал хариуцлага хүлээх чадамжгүй" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.