Д.Трамп В.Путинтэй уулзахаасаа өмнө Европын удирдагчидтай цахим уулзалт хийнэ

Д.Трамп В.Путинтэй уулзахаасаа өмнө Европын удирдагчидтай цахим уулзалт хийнэ


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаас өмнө Украин болон Европын орнуудын удирдагчидтай цахим уулзалт хийхээр болжээ. Германы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр канцлер Фридрих Мерц Украины дайны асуудлаар Д.Трамп, В.Зеленский болон Европын гол орнуудын удирдагчидтай цахим уулзалт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Уулзалт 13-ны өдрийн 15 цагт болох бөгөөд Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нар оролцох төлөвтэй байна. Үүнийг Францын Засгийн газрын албаны хүн мөн нотолжээ. АНУ-ОХУ-ын дээд хэмжээний уулзалтаас хоёр хоногийн өмнө товлогдсон энэ уулзалтаар В.Зеленский болон Европын удирдагчид Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалд баталгаа шаардаж, мөн Орост шахалт үзүүлэх талаар Д.Трампыг ятгахыг оролдоно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нөгөө талаар Украин болон Европын орнууд Оростой хийх хэлэлцээрт оролцохыг шаардах төлөвтэй байгааг онцолжээ. Их Британийн ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ "Энх тайвныг Украин улсад тулгах биш, хамтарч байгуулах ёстой. Түрэмгийлэл үйлдэж, улс орны тусгаар тогтнолд халдахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" гэжээ. Мөн Европын удирдагчид олон улсын хэмжээнд тогтоосон улсын хилийг хүчээр өөрчлөх боломжгүй гэсэн үндсэн зарчмыг онцолж “Украиныг газар нутгийн асуудлаар буулт хийхийг албадах нь аюултай жишиг болно” гэсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.