Пакистан: 28 жилийн өмнө осолдсон хүний цогцос олджээ

Пакистан: 28 жилийн өмнө осолдсон хүний цогцос олджээ


   28 жилийн өмнө осолдсон хүний цогцсыг хайлж буй мөсөн гол дотроос олжээ. Өнгөрсөн сарын 31-ны өдөр Пакистан улсын Леди Медоусын мөсөн голын ойролцоо амьдардаг нэгэн иргэн олон жилийн өмнө сураггүй алга болсон Насируддин хэмээх хүний цогцсыг олсон байна. BBC агентлагийн мэдээлснээр Насируддин 1997 онд тэдний тосгонд болсон үймээн самууны улмаас дүүтэйгээ хамт ууланд дүрвэж яваад хөл алдаж мөсөн ангал руу унасан байна. Тэр даруй хүмүүс эрж хайсан боловч олдоогүй ажээ. Харин олон жилийн дараа голын мөс хайлж, дотроос нь түүний цогцос гарч ирсэн бөгөөд цогцос бүрэн бүтэн, хувцас хунар болон иргэний үнэмлэх нь хүртэл ямар нэгэн элэгдэл, гэмтэлгүй олджээ. Талийгаачийн зээ дүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа гэр бүлийнхэн нь түүнийг олох гэж олон жил эрэл хайгуул хийгээд олж чадаагүй байсан тухайгаа дурдсан байна. Сүүлийн үед цаг агаарын дулаарлын улмаас дэлхий даяар мөсөн голууд хайлж, олон жилийн өмнө осолдсон хүмүүсийн цогцос олдох болжээ. Өнгөрсөн долдугаар сард Перугийн уулнаас 22 жилийн өмнө осолдсон америк уулчны цогцос олдсон бол түүний өмнөхөн буюу тавдугаар сард Швейцарийн Альпийн нурууны мөсөн голын ан цаваас 37 жилийн өмнө осолдсон герман уулчны цогцсыг олжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.