Улсын начин С.Багахүү: Солонгос бөхчүүд баруун золгож барилдахаараа манай залуусыг унагаж байна лээ

Улсын начин С.Багахүү: Солонгос бөхчүүд баруун золгож барилдахаараа манай залуусыг унагаж байна лээ


Өмнөд Солонгосын ширым бөхийн гурван аварга монгол бөхчүүдтэй хамтран хүчний бэлтгэл хийж, даншиг наадамд зодоглож, KBS телевизийн 30 жилийн ойд зориулсан тусгай нэвтрүүлгийн бичлэгт оролцохоор манай улсад өнгөрөгч сарын дундуур ирж хоёр долоо хоносон юм. Энэ хугацаанд монгол бөхийн бэлтгэлийг нь “Хилчин” спорт хороо, “Хантайшир” бөхийн дэвжээний дасгалжуулагч, улсын начин С.Багахүү хангуулсан юм. Түүнтэй солонгос бөхчүүдийн бэлтгэл, барилдааны тухай “Хүрээ цам -Даншиг наадам”-ын үеэр ярилцсанаа хүргэе.

- “Хилчин” спорт хороонд ямар бөхчүүд бэлтгэл хийхээр ирсэн бэ?

- Солонгосын ширым бөхийн 90, 100, 140 кг жинд одоо цагт барилдаж байгаа, хамгийн олон түрүүлсэн залуу аваргууд ирсэн. Бидэнтэй адилхан тамирчин, бөх учраас харилцах, бэлтгэл сургууль хийхэд хүнд хэцүү юм байсангүй. Харин монгол бөхийн өмсгөл ширым бөхийнхөөс өөр болохоор өмсгөл, барьцдаа дасах тэдэнд амаргүй байсан. Түүнээс биш бэлтгэл хийх, барилдааны арга ухаан нь сайн юм билээ. Тэд сайн тамирчид гэдэг нь нэгдүгээрт, тэдний гаргасан амжилтыг судалж, багш нараас нь асууж, өөрсдөөр нь яриулахад, мөн барилдаж байгаа бичлэгийг нь үзэхэд нотлогдож байлаа. Хоёрдугаарт, залуучуудтай барилдуулж үзэхэд өмнө нь огт барилдаж байгаагүй бөхийн төрөл гэхэд авьяастай байна лээ.

- Монгол, Солонгосын үндэсний бөхийн мэх, барьцны ялгаа юу вэ?

- Ширым бөх бол элсэн дээр гуя, бэлхүүсээрээ бүстэй, зөвхөн баруун золгож барилддаг юм байна. Сэрвүүгийн барилдаан, зүүн золгоо гэж байхгүй. Тийм болохоор солонгос бөхчүүдэд зодог, шуудаг өмсүүлээд монгол бөхчүүдтэй баруун золгооноос барилдуулахад үнэхээр сайн барилдаж байна лээ. Манай бөхчүүдийг зөндөө хаясан. Гэвч сэнжиг, элэг бүсний барилдаанд цөөн хоног бэлдсэн болохоор даншиг наадамд олигтой барилдсангүй. Сэрвүүгийн барилдаанд дасаж зохицох хугацаа нь бага байлаа.

- Даншиг наадамд том бөхчүүлтэй учраа таарсан байсан. Үүний учир юу вэ?

- Солонгос бөхчүүд манай дээгүүр эрэмбэтэй аварга, арслангуудтай барилдсан. Улсынхаа аваргууд боловч монгол бөхийн цолгүй учраас ингэж таарлаа. Даншиг наадамд барилдаж байгаа хамгийн бага цолтой бөх сумын начин. Тэгэхээр үндэсний бөхийн цолны эрэмбээр оноолт гардаг буюу залуу бөхчүүд дээшээ нугардаг дүрэмтэй. Нэгийн даваанд эрэмбээр нь, оноолтоор барилдуулдаг. Тийм болохоор Ча Мин Сү Улсын арслан Р.Пүрэвдагва, Ким Мин Жэ Улсын гарьд С.Гончигдамба, Чой Жан Ман Улсын заан Б.Батмөнхтэй таарч барилдсан. Яалт ч үгүй олон жил барилдсан хашир туршлагатай бөхчүүдтэй барилдлаа. Манай арслан, заанууд маш болгоомжтой хянуур барилдаж байна. Учраа нь ширым бөхийн аваргууд учраас манайхан хашир барилдсан. Солонгос бөхчүүд ч бас дэвжээнд гаруут уначихаагүй. Арав, арав гаруй минут ноцолдсон. Санасныг бодоход дажгүй удаан барилдаж байна лээ. Үндэсний бөхөд хоёр бөхийн ур чадвар, даваанаасаа хамаараад бөхчүүд янз янзын цаг хугацаанд барилддаг. Ер нь бол сэрвүүгийн барилдаан 20 минут, барьцтай барилдаан 20 минут, энэ нь дуусахаар тэгш барьц гээд аль аль нь адилхан хаялцах барьц авч барилддаг дүрэмтэй. Цол, даваанаасаа хамаараад хүмүүсийн барилдах хугацаа харилцан адилгүй. Хоёр гурван минутад хаялцаж болно, 20, 30 минут ч барилдаж болно.

- Солонгос бөхчүүдийн гол зорилго нь монгол бөхчүүдтэй хүчний бэлтгэл хийх гэж ойлгосон. Ямар бэлтгэл хийсэн бэ?

- Манай дэвжээний бөхчүүд наадмын өмнө бол өдөр бүр гурван удаа бэлтгэл хийдэг. Өглөө 7, үдээс өмнө 11 цагт бэлтгэл хийчхээд үдээс хойш 16 цагт хүч, тэвчээрийн, гүйлтийн бэлтгэл хийдэг юм. Наадмын бус өвөл, хавар, намар бол долоо хоногийн таван өдөр нь бэлтгэлтэй. Гэхдээ өдөрт нэг л бэлтгэлтэй байдаг гэсэн үг. Тэгэхээр наадмын бэлтгэлийн ачаалал, тоо давтамж их. Солонгос бөхчүүд бидэнтэй хамт арав хоногийн хугацаанд бэлтгэл хийсэн. Нэг бэлтгэл нь 2-3 цаг үргэлжилдэг. Тэгэхээр энэ хэд 25-30 цагийн бэлтгэл хийсэн гэсэн үг. Тэд тамирчин хүмүүс учраас авхаалж самбаа, хурд, хүч сайн. Тиймээс монгол бөхийн өмсгөлтэй барьц, мэх сурах тал дээр их анхаарч ажилласан.

- Баярлалаа.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.