images

Б.Баттулга: “Өөрөөсөө зугатах”, “Дотроосоо гэрэлтэх” шүлгүүд Бавуу ахын “Уянгын шүлгүүд” номын амин сүнс нь

Б.Бадамзул

Миний дуртай ном

2022-12-15


Нийслэлийн 58 дугаар дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Базарсадын Баттулга дуртай номынхоо тухай ийн ярив.

            Би Завхан аймгийн Их-Уул сумын найман жилийн дунд сургуулийн зургадугаар ангийн сурагч байхдаа “Пионерийн үнэн” сонины эрхлэгч Жамбын Дашдондогт хэдэн шүлгээ явуулсан юм. 1984, 1985-аад оны үе л дээ. Ингээд миний шүлгүүд тус сонинд нийтлэгдэж байхад Завханы Улиастайн арван жилийн сургуулийн сурагч Цогдоржийн Бавуудоржийн шүлгүүд бас нийтлэгдэж байв. Надаас хоёр насаар ах юм. Ингэж л би Бавуу ахыг анх мэддэг болсон. Тэр цагаас хойш дуулианаар бүтээлүүдийг нь сонсож, сураг ажиг чимээлж яваад 1989 онд их сургуулийн оюутан болохдоо Багшийн дээдийн оюутны байранд танилцаж байв. Тэгэхэд Бавуу ах “Бэрс” кино урлагийн дээд сургуулийн оюутан байсан. Түүнээс хойш бид нэг амьсгаатай, нэгэн зүйлээр холбоотой болсон нь бидний нутаг ус. Бавуудорж ахын яруу найрагт нутаг ус шүтэх үзэл нэвт шингэсэн. Тэр нь түүний онцлог юм. Ялангуяа цаст их Отгонтэнгэр хайрханаа шүтэх үзэл олон дуу, шүлэгт нь шингэсэн байдаг. Жишээ нь,

...Хөхөлбөр орчлонгийн уулс дунд

Хөмсгөн дороо нулимстай зогсдог доо

Мөн чиг холоос харагдсан даа

Мөнгөн залаат уул Отгонтэнгэр минь...

“Уянгын шүлгүүд”

   Бавуу ахын хамгийн анхны ном “Бүгээн анир”. Тэр номоос хойш “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” гэх мэт шүлэг, зохиолын номыг нь уншиж өдийг хүрчээ. Хамгийн сүүлд 2021 онд хэвлүүлсэн “Уянгын шүлгүүд” номыг нь байнга авч яваад уншиж байна.

   Энэ номын аль ч шүлэг гоё. Бүх шүлгийг нь уншиж дуусаад энэ дотроос үзэсгэлэнт энэтхэг бүсгүй эсхүл яруу найргийн охин тэнгэрт зориулж бичсэн байж магад “Деви-д” шүлэг нь онцгой санагдсан. Надад ингэж санагдсны учрыг би шүлгийг уншиж өгчхөөд тайлбарлья.

Нандин учралд минь бэлтгэж

Энэ дэлхий хэдэн мянганаар ч эргэсэн юм

Наргил мод хүртэл бяцхан сүүдэртээ зогсоох гэж

Хэчнээн галбын сарыг хурааж ургасан юм

Боронзлог хүрэн уруулын чинь өнгийг гаргах гэж

Хэдэн тэрбум цэцгийн үр бүтээж зүдэрсэн юм

Борхон биед нь нөмөргөх алтан сарийг зохиох гэж

Хэдэн живаа хорхой үржүүлж торго нэхсэн юм

Энэ Энэтхэг

Зөвхөн чиний харцыг бүтээх гэж

Хэчнээн тунгалаг нүдийг чамлаж урласан юм

Зүрх рүү минь исгэх хайрын дуулал бүтээх гэж

Хэдэн мянганаар бясалгасан юм

Цацран буй орчлонгийн довтлохуйц цагийг тайвшруулах гэж

Цагаан цагаан заан хэчнээнийг өсгөж намуухнаар алхуулсан юм

Догшин Очирваань намайг урлан урлатал харуулдаж

Дорнын санчиганд хэчнээн буурал үс нэмэгдтэл дуран бариулсан юм

Энэ Энэтхэг

Хөөрхий минь Энэтхэг

   Нандин тэр учралыг нь бүтээх гэж хэдэн мянганаар дэлхий эргэсэн гэдэг эхлэл санаа нь ганцхан чамайг төрүүлэх гэж хэдэн мянган жилийн зохирлоор дэлхий эргэдгийг хэлж байна. Үзэсгэлэнт бүсгүйн боронзлог хүрэн уруул, гоёмсог алтан сариг бүтээх гэж хэдэн мянган цэцгийн үр цуглуулж, хорхой үржүүлсэн гэх мэтээр энэ санаагаа давхар илэрхийлжээ. Мөн Энэтхэг орны онцлог болох сари, заан зэргийг дүрслэх зууртаа “Догшин Очирваань намайг урлатал” хэмээн өөрийнхөө төрснийг бичиж. Догшин Очирваань гэж Отгонтэнгэрээ хэлж буй юм. Ерөөс бидэнд тохиолдох адал явдал бүхэн нэгэн их зохирол юм.

  Өөр нэг сонин шүлэг нь “Голын эрэгт” гэдэг шүлэг. “Алгана загас усны даяанч юм. Аяа, би амьдрал хэмээх тэнгисийн даяанч, бид хоёр ижилхэн” гэжээ. Даяанч гэсэн агуулгаараа загастай өөрийгөө ижилсүүлсэн байна. Тэгээд “Мөнхөд аньдаггүй загасны нүд жинхэнэ даяанчийнх. Мөнх бусын жараахай чамаас тийм нүд олсонгүй гээд сарниж одлоо” хэмээн өөрийгөө мөнх бусыг илэрхийлжээ. Гэхдээ өөрийнх нь бичсэн шүлэг мөнхөд аньдаггүй загасны нүд шиг өөрийг нь мөнхийн даяанч гэдгийг батална гэсэн байна. Мөн тэнгэрт ертөнцийн эсрэг бүхэн байдаг гэсэн санаа агуулжээ.

Б.Баттулгын шүлгийн дэвтэр

   Бавуу ахын онцлог нь үхэх, төрөх, даяан хийх, бясалгах, мөргөх, залбирах гэх мэт Буддын шашны үйлийг өөрийнхөө сэтгэлд хамааруулж өөрийнхөө зүгээс мөргөж, даяанчилж буй мэт бичдэг. Тэнгэртэй нэгдээд тэнгэр болж буй мэт, тэнгистэй нэгдээд тэнгис болж буй мэт. Ямар ч шүлгийнх нь захаас уншсан сонин сонин мэдрэмжүүд нь сэтгэлд шууд бууна.

Цасан илтэс шүхэрлэн бууна

Цав цагаан өнгөөр үсийг минь будна

Цасан дундах өөрийгөө би ажна

Цасан дундах моддыг нална

Тэр дуслуудын цаанаас би

Цастай хамт бударч үзэгдэнэ

Цоор үлээсэн хөвгүүд хэзээ нэгтээ

Энэ хотын эзэд болно

Цонхны минь шилийг хаврын бороо нэгэнтээ зүлгэнэ

Тэр дуслуудын цаанаас би цастай хамт бударч үзэгдэнэ

Бид энэхэн агшинд нэгээхнийг санааширч сэрнэ

Энэ цас мөнх бусын багш гэж үү

Илтэс бүхэн нь амгалан хоосон гэв үү гэх мэтээр энэ орчлон мөнх бус болохыг шивнэж хэлдэг ийм л онцлогтой уран бүтээлч. Тиймээс ч “Уянгын шүлгүүд” миний ширээний ном боллоо.

   Жирийн л цас гэдэг ойлголтоор шүлэг бичихдээ Буддын шашны агуулгыг өөрөөрөө нэвт гаргаад “Нээрээ тийм шүү” гэтэл бичжээ. Хамгийн гол нь цас миний мөнх бусын багш гээд хэлчихээр хэн хүний санаагүйг тэгээд сануулчихаж байгаа юм. Ийм уран санаа хүмүүст хүрэхдээ тийм гоё очно оо л гэсэн үг. Шүлгүүд нь энэ сав шимийн ертөнцөд байгаа ургаж хагдардаг, үхэж төрдөг бүх юмс, мөнх бус орчлонгийн ямар нэгэн жижиг үзэгдэл хүртэл надад хамаатай юм шиг санагдам сэтгэгдэл төрүүлдэг. Алхаж явахад нь навч тасраад ойчингуут “Нов ногооноороо байтлаа чи минь яагаад миний өмнө уначихав даа Би чамайг хөтлөөд явах хүсэл төрнө” гэдэг ч юм уу, зөвхөн тэр навчийг хараад л ертөнцийн юмс үзэгдлийн шинж чанарыг олж харж чаддагт л түүний онцлог оршдог. Бавуу ахын бодож байгаа нь “өөрөөсөө зугтах”, “дотроосоо гэрэлтэх” хоёр юм. Энэ хоёр шүлгийг “Уянгын шүлгүүд”-ийн амин чухал зүйл нь гэж ч болно. “Өөрөөсөө зугтах” гэсэн цөөхөн хэдэн мөр энэ шүлгийг уншаад агуулгыг нь ярья.

Өөрөөсөө зугтан холдмоор санагдана

Өвсний биед гэрэлтэгч шавжид атаархана

Ертөнцийн хүлээснээс хол ангид

Ерийн нэг ийм тавилантайд нь мөчөөрхөнө

Өө тэгтэл хөөрхий гэрэлт тэр амьтан

Өлзийт бус үг өөдөөс шивнэх нь тэр ээ

Би ч бас өөрөөсөө зугтан гарахын билгийг эрж

Өвсний оройд мацна гэвэй

Ийн бид хоёрт ижилхэн шаналал өгсөн

Этгээд тэр зарлигч бол миний хоосон чанар гэж байгаа юм. Бүх юм хоосон чанар. Буддын шашны ойлголтоор буй аваас үгүй, үгүй аваас буй. Чи энд юм байна гэж бодвол байгаа, байхгүй гэж бодвол байхгүй. Би түүнд хайртай гэж бодвол хайртай, хайргүй гэж бодвол хайргүй. Өвсний биед гэрэлтэгч жижигхэн шавжтай өөрийгөө адилтгаж, түүнийг нь зарлигдагчийг хоосон чанар гэж байна шүү дээ.

   Өөр нэг сонин юм бий. Дэлхийг Өрнө, Дорно гэж ангилдаг. Тэгвэл дэлхийг аврах зүг бол Дорно гэж Бавуу ах үздэг. Тийм ч учраас “Дорно зүгт би өвс болно” гэдэг юм уу, эсвэл “Дорно зүг би мэхийнэм” гэж бичжээ. Тэр дундаа нүүдэлчин соёлоо хадгалж үлдсэн монголчуудад мэхийнэм гэсэн санаа нь “Дотроосоо гэрэлтэх” шүлэгт нь бий.

Дорно оо одоо л чиний дотроосоо гэрэлтэх цаг

Дотоод нууцын догшидоо сэрээх цаг...

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.