Итали: “Bayesian” хөлөг онгоцны ослын шалтгааныг тогтооно
Анд нөхдийн мэдээ
2025-06-23
Өнгөрсөн зун Италийн Сицили арлын ойролцоо живсэн тансаг зэрэглэлийн “Bayesian” хөлөг онгоцыг далайгаас гаргажээ. Ингэснээр “Autonomy” компанийг үндэслэгч Майк Линч болон түүний 18 настай охин Ханна нарын долоон хүний амийг авч одсон ослын шалтгааныг тодруулах боломжтой болж байна. Италийн “Corriere della Sera” сонины мэдээлснээр, уг хөлгийг гаргаж ирсэн даруйдаа Сицилийн хойд хэсэгт орших Термини-Имере боомт руу шилжүүлсэн бөгөөд байрлуулж дуусмагц ослын шалтгааныг тодруулах мөрдөн байцаалтын ажил эхэлнэ. Осол болох үед 130 км/цагийн хүчтэй их салхины улмаас 56 метрийн урттай хөлөг ердөө 15 секундын дотор хөмөрч живсэн юм. Тухайн үед хүчтэй шуургатай байсан ч ойр орчимд явсан бусад хөлөг онгоц живээгүй ажээ. Онгоцны доторх ус нэвтэрдэггүй сейфэнд байсан гэх хатуу дискэнд ямар мэдээлэл байгаа нь бас сонирхол татаж байна. CNN агентлагийн мэдээлснээр тэнд Орос, Хятад зэрэг гадаадын засгийн газруудын сонирхлыг татахуйц нарийн мэдээлэл агуулсан байж магадгүй аж. Их Британийн мэдээллийн технологийн салбарын аварга М.Линч өөрийн үүсгэн байгуулсан кибер аюулгүй байдлын “Darktrace” компани зэрэг хэд хэдэн байгууллагаар дамжуулан АНУ, Их Британийн тагнуулын агентлагуудтай харилцаатай байсан аж. М.Линч нь үүлэн технологийн үйлчилгээнд итгэдэггүй байсан гэх бөгөөд далайд гарах бүртээ хөлөг онгоцондоо мэдээлэл хадгалах төхөөрөмжөө авч явдаг байсныг ослоос амьд үлдсэн хүмүүс гэрчилжээ. М.Линчийн эхнэрийн компанийн эзэмшдэг “Bayesian” хөлөг өнгөрсөн оны наймдугаар сарын 19-ний өглөө Сицилийн Портичелло боомтоос 700 метрийн зайд осолдоход онгоцонд явсан 22 зорчигчоос М.Линчийн эхнэр зэрэг 15 хүн амьд гарч бусад нь амь үрэгдсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.