images

10 баримт: Бурхан багшийн их дүйчэн өдөр

Ж.Ариунгэрэл

10 баримт

2025-06-11


1. Сиддхарта Гоодам буюу Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүр үзүүлсэн өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг Бурхан багшийн их дүйчэн өдөр гэдэг.

2. Бурхан багш одоогоос 2500 гаруй жилийн өмнө Сүрээр дарагч хэмээх гал морин жил буюу МЭӨ V зууны 567 онд одоогийн Балба улсын Лүмбинид Шагжа овгийн хаан эцэг Шүддходана, эх Махамаяа хатны хүү болон мэндэлжээ.

3. Дүйчэн өдрийг Бурханы шашинтнууд олон зуун жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн бөгөөд 1950 онд Шри Ланка улсад болсон Дэлхийн буддистуудын холбооны анхдугаар чуулганаар зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн их их дүйчэн өдөр хэмээн албан ёсоор  тогтоожээ.

4. Нэгдсэн Үндэстний Байгууллага 2000 оноос энэ өдрийг Нью-Йорк дахь өөрийн төв байр болон дэлхийн өнцөг булан бүр дэх салбарууддаа албан ёсоор тэмдэглэдэг болжээ.

5. Дүйчэн өдрийг пали хэлээр Vesakha, самгарьд хэлээр Vaisakha гэдэг бол англиар Buddha Day гэдэг.

6. Энэ өдрийг Зүүн болон Зүүн Өмнөд Азийн орнууд, Төвөд, Монголоос гадна Япон, Өмнөд Солонгост тэмдэглэдэг. Эдгээрээс ихэнх нь Бурхан Буддагийн төрсөн өдөр хэмээн тэмдэглэдэг байна.  

7. Манай улсад энэ өдрийг 1992 онд албан ёсоор тэмдэглэж эхэлсэн бөгөөд УИХ 2019 онд бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байна.

8. Монголд энэ жилийн Их дүйчэн өдрийг “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор тэмдэглэж байна. Харин өнгөрсөн жил “Ёс зүйг эрхэмлэе” уриан дор болж байв.

9. Дүйчэн өдрийн нэг гол арга хэмжээ болгон Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Жавзандорж “Тэгчэн сожин” буюу “Нэг өдрийн тэтгэн ариусгахуй” номыг лам хуврагууд болон сүсэгтэн олонд айлдсаныг “Гандан” телевиз өнөөдөр орон даяар шууд дамжуулан хүргэлээ.

10. 2026 оны Их дүйчэн өдөр тавдугаар сарын 31-нд тохионо.  

Гэрэл зургийн эх сурвалж: www.wikipedia.org

 

 

 

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.