Канад: Азтай эр есөн сарын хугацаанд гурван удаа сугалаанд хожжээ
Анд нөхдийн мэдээ
2025-06-10
Канадын Альберта мужийн Летбридж хотод амьдардаг нэгэн эр есөн сарын хугацаанд гурван удаа сугалаанд хожиж нийт 2,5 сая доллар авчээ. Эдүгээ 70 настай Дэвид Сиркин өнгөрсөн оны наймдугаар сарын 20-ны өдөр “Lotto Max”-аас 500 мянган доллар, дараа нь мөн оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Lotto 6/49”-өөс 1 сая доллар, улмаар өнгөрсөн тавдугаар 3-ны өдөр мөн “Lotto 6/49”-өөс 1 сая доллар хожжээ. Энэ бол Баруун Канадын Сугалааны Корпорацийн (WCLC) түүхэн дэх хамгийн ховор тохиолдол аж. WCLC-ийн мэдээлснээр “Lotto Max”-т хожих магадлал 33,294,800-д 1, харин “Lotto 6/49”-т хожих магадлал 13,983,816-д 1 байдаг аж. Тэрбээр мөн хэдэн жилийн өмнө сугалаагаар 250 мянган доллар хожиж байсан бөгөөд түүний аз тохиож хожсон нийт мөнгөний дүн 2.75 сая доллар болж байна. Д.Сиркин 1982 оноос хойш сугалаанд азаа үзэж буйгаа хэлээд "Би хорт хавдартай, тэтгэвэрт гарсан хүн. Харин намайг ингэж аз ивээж буйд маш талархаж байна" гэжээ. Өмнө нь сугалаанд хожоод эхнэртэйгээ Хавай руу аялж байсан бол энэ удаад Ньюфаундленд руу аялахаар төлөвлөж байгаа аж. WCLC-ийн төлөөлөгч Эмили Олсон түүний дараалсан аз, амжилтыг судалж, бүгд хууль ёсны гэдгийг баталжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.