АНУ: Харвардын их сургуульд гадаад оюутан элсүүлэхийг зогсоов
Анд нөхдийн мэдээ
2025-05-23
Харвардын их сургуультай зөрчилдөх болсон Дональд Трампын засаг захиргаа тус сургуулийн гадаад оюутны бүртгэлийг цуцална гэдгээ мэдэгдэв. Америкийн их дээд сургуулиуд гадаад оюутан элсүүлэн авахын тулд Дотоодын аюулгүй байдлын яамнаас албан ёсны гэрчилгээ авдаг журамтай. Тус яамны сайд Кристи Ноам Харвардын их сургуульд илгээсэн захидалдаа “Тус сургуулийн гадаад оюутан болон солилцооны оюутны хөтөлбөрийн (SEVP) гэрчилгээ хүчингүй болсныг мэдэгдэж байна. Гадаад оюутнуудад оюутны виз (I-20) олгохын тулд их дээд сургуулиуд SEVP-ээр магадлан итгэмжлэгдсэн байх ёстой. Танай сургууль холбогдох бичиг баримт бүрдүүлж өгөөгүй, олон талт байдал, тэгш байдлын бодлогыг хэрэгжүүлээгүй, кампус дахь Израилийн эсрэг үзэл бодлыг шийдэж чадаагүй” хэмээн буруутгажээ. Улмаар Харвардын их сургууль дахин магадлан итгэмжлэгдэхийг хүсвэл бичиг баримтаа бүрдүүлж, зохих ёсоор бүртгүүлэх 72 цагийн хугацаа байгааг сануулсан байна. Сайд мөн X (хуучнаар Твиттер) сүлжээнд "Харвард оюутны хотхоны хүчирхийллийг дэмжсэн, Израилийн эсрэг үзлийг сурталчилсан, Хятадын Коммунист намтай хамтран ажилласанд буруутгаж хариуцлага тооцсон" гээд "Тэдэнд зөв замаар явах олон боломж байсан ч татгалзсан" гэжээ. Түүнээс гадна одоо суралцаж буй гадаад оюутнууд өөр сургууль руу шилжихгүй бол эрх зүйн статусаа алдана гэдгийг анхааруулсан байна. NBC телевизийн мэдээлснээр 2025 оны байдлаар тус сургуульд 6000 орчим гадаад оюутан суралцаж байгаа нь нийт оюутнуудын 27 хувийг эзэлж буй аж. Мөн сайд К.Ноам “Fox News”-т өгсөн ярилцлагадаа Колумби зэрэг бусад их сургуулиудад Харвардтай төстэй арга хэмжээ авах эсэхийг асуухад "Тийм" гэж хариулжээ. Харвардын их сургууль Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн мэдэгдэл гаргаж, "Энэ бол хууль бус шийдвэр. 140 гаруй орны оюутнууд, эрдэмтэд тус сургуулийг илүү баялаг эрдмийн өргөө болгодог” гээд шүүхэд хандахаа илдэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.