Цахим спортын монгол тамирчид говьд 100 мянган хайлаас тарина
Хөдөөгийн баясгалан
2025-04-28
Цахим спортын "The MongolZ" нэгдлийн CS2 багийн тамирчид Монголын цөлжилттэй бүс нутагт 100 мянган хайлаас мод тарих санаачилгыг эхлүүллээ. Тэд "Шамбала Инженеринг Кампус" компанитай хамтран Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Ар цацын ус хэмээх газарт өөрсдийн нэрээр Тарваган хайлаас бүхий ойн төгөл байгуулахаар болсон байна. Цахим спортын тамирчид төгөлийн хамгийн анхны мод эзэмшигчид болж, улмаар иргэдийг хандив өргөж, өөрийн нэрээр модтой болохыг уриалсан байна. Иргэд гагцхүү хандив өргөж, мод худалдаж авснаар өөрт зориулсан мод эзэмшигчийн гэрчилгээ болон жил бүрийн ургалтын тайлан, зураг хүлээн авах эрхтэй ажээ. Ингэснээр өөрийн модны арчилгаа, усалгаа, хяналт хамгаалалт, нөхөн тарилтыг таван жилийн турш бусдаар хийлгэх юм. "Шамбала Инженеринг Кампус" компани нь Монголын говьд нийт 66 мянга гаруй хайлаас мод тарьж ургуулсан туршлагатай ажээ. Түүнчлэн өмнө нь "Хү" хамтлагтай хамтран 12 мянган ширхэг Сибирь хайлаас мод говьд тарихаар болсон юм. Сонирхуулахад, "The MongolZ" багийн нэрээр тарих Тарваган хайлаас (Ulmus pumila) модны төрөл говийн хуурай, хатуу ширүүн уур амьсгалд тэсвэртэй бөгөөд 8-12 метр хүртэл өндөр ургаж, 100-200 жил насалдаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.