images

Дэлхийд анх удаа эр бэлгийн эсийн уралдаан болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-28


   Өнгөрсөн 26-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотод эр бэлгийн эсийн дэлхийн анхны уралдааныг зохион байгуулсан тухай AFP агентлаг мэдээлэв. Холливүүдийн Палладиумд болсон тэмцээнийг бизнес эрхэлдэг өсвөр насны дөрвөн хүүхэд зохион байгуулсан байна. Тэмцээний зорилго нь эрэгтэйчүүдийн үргүйдлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх явдал байв. Ахлах сургуулийн сурагч, 17 настай Эрик Жоу уг арга хэмжээг зохион байгуулахын тулд 1.5 сая доллар цуглуулжээ. Тэмцээнд эрүүл биетэй хоёр эрэгтэй оюутны үрийн шингэний дээжийг авч, 20 см урт уралдааны замд уралдуулсан бөгөөд уралдааны замыг эмэгтэй хүний ​​нөхөн үржихүйн эрхтний загвараар хийсэн байв. Лабораторийн хувцас өмссөн эрэгтэй урьдчилан авсан үрийн шингэний дээжийг 2 мм өргөн "зам" дээр тавьснаар уралдаан эхэлжээ. Уралдааны зургийг микроскопоор 100 дахин томруулж, дараа нь 3D хөдөлгөөнт дүрсний программ ашиглан видео болгон хувиргаж үзэгчдэд хүргэсэн байна. Уралдааныг олон зуун хүн биечлэн ирж үзсэн бөгөөд мөн "YouTube" сувгаар шууд дамжуулсныг 100 мянга гаруй хүн үзжээ. Ялагчаар Өмнөд Калифорнийн их сургуулийн оюутан Тристан Милкер тодорсон байна. Арга хэмжээг зохион байгуулсан Эрик Жоу энэ тэмцээнээр нөхөн үржихүйн эрүүл мэндийн ач холбогдлыг онцлон үзүүлэхийг хүссэнээ илэрхийлжээ. Тэрбээр сүүлийн 50 жилийн хугацаанд хүмүүсийн эр бэлгийн эсийн дундаж хэмжээ хоёр дахин буурсан тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан нийтлэлээс санаа авч уг уралдааныг зохион байгуулснаа хэлжээ. Улмаар эр бэлгийн эсийн чанар нь хүний эрүүл мэндтэй нягт холбоотой гэдгийг ойлгуулахыг хүссэн бөгөөд эрт унтах, мансууруулах бодисоос хол байх, эрүүл хооллох зэрэг нь эрүүл мэндэд ихээхэн нөлөөтэй гэдгийг онцолсон байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.