Япон: Төмөр замаар зорчигчид алдагдсан эд зүйлсээ хиймэл оюуны тусламжаар олж авна
Анд нөхдийн мэдээ
2025-04-16
Японы төмөр замын “Keio Electric Railway” компани “Find“ гарааны компанитай хамтран хиймэл оюуны шинэ технологи нэвтрүүлснээр зорчигчид алдаж гээсэн эд зүйлээ урьдынхаас гурав дахин хурдан олж авдаг болжээ. Компани энэ үйлчилгээг нэвтрүүлэхдээ, япончуудын хамгийн өргөн ашигладаг “Line” аппликэйшн дээр алдагдсан эд зүйлсээ мэдээлэх булан нээжээ. Ингэхдээ алдсан, хаяж үрэгдүүлсэн зүйлсийнхээ зургийг, хэрэв зураг байхгүй бол ямар зүйл болохыг тодорхой дүрсэлсэн мессэж илгээнэ. Энэ мэдээлэлд үндэслэн хиймэл оюун ухаан дээрх аппликэйшний мэдээлэл дундаас зорчигчийн хүссэн зүйлийг хайж олж өгдөг болсон байна. Тус компанийн борлуулалтын хэлтсийн ажилтан Хисаши Үсүи хэлэхдээ "Мэдээллээ үнэн зөв оруулбал AI технологи шүхэр, бээлий зэрэг ижил төстэй эд зүйл байсан ч амархан олно” гэжээ. Өмнө нь хүмүүс алдагдсан юмаа олж авах гэж, ийм эд зүйлс хадгалдаг төвд урт дараалал үүсгэн олон цаг хүлээдэг байсан бол энэхүү шинэ технологи нэвтэрснээр ачаалал гурав дахин багассан байна. Мөн энэ үйлчилгээг хэрэглэж үзсэн хэрэглэгчдийн 93 хувь нь эерэг үнэлгээ өгчээ. Улмаар уг үйлчилгээг нисэх онгоцны буудлуудад нэвтрүүлж эхлээд байна. Шинэ технологийг бүтээсэн “Find” компани өнгөрсөн сарын 13-нд Засгийн газраас зохион байгуулсан дижитал технологийн шагнал гардуулах ёслолоос Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг хүртжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.