images

Библийн домогт гардаг завийг Туркийн Арарат уулнаас хайна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-15


   АНУ-ын Калифорниа мужийн "Noah's Ark Scan" археологийн судалгааны баг Туркийн Арарат ууланд байдаг гэх Ноахын завины түүхтэй холбоотой дурсгалуудыг олох судалгааны ажил хийж эхэлжээ. Арарат уул нь 5137 метрийн өндөрт өргөгдсөн унтаа галт уул юм. Библийн Хуучин гэрээнд, дэлхий дахинд их үер болоход 600 настай Ноах хэмээх өвгөн Ертөнцийн эзний захиас ёсоор аварга том модон завь урлаад дэлхийн бүх амьтдаас хос хосоор нь авч үерийг гэтэлсэн тухай гардаг. 150 хоног үргэлжилсэн үер зогсон ус татрахад Ноахын завь Арарат уулан дээр тогтсон гэж Библид өгүүлдэг билээ. Исламын ариун ном болох Коран сударт ч үүнтэй төстэй түүх бий. Судалгааны багийнхан уулын өмнөд энгэрт байх Дурупинар хэмээх газарт анхаарлаа хандуулж байна. 160 м орчим урт, хавтгай зууван гүвээ нь хөлөг онгоцны доод хэсгийг санагдуулам тогтоцтой тул Ноахын завь энд байх магадлалтай гэсэн таамаг бий бөгөөд зарим итгэгчид эндхийг ариун газар гэж үзэн мөргөл үйлддэг. Өмнөх судалгаагаар эндхийн хөрсөнд далайн тунадас, нялцгай биетүүд агуулагдаж байгааг харуулсан бөгөөд радарын дохиогоор газрын гүнд тэгш өнцөгт эд байгааг илрүүлсэн тухай Туркийн “Сабах” сонин мэдээлжээ. Судалгааны багийнхан Туркийн их сургуулиудтай хамтран нэмэлт судалгаа хийж, улмаар уг газрыг хамгаалалтад авч малтлага хийхээр төлөвлөж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.